АНУ-ын Ази дахь ойрын холбоотон болох Япон улс Дональд Трамптай гар нийлэн ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлээд байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 17-нд Перуд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохынхоо өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамптай хоёр талт уулзалт зохион байгуулахаар тохиролцсон тухай "Эн Эйч Кэй" уламжилж байна.
Шинзо Абэ өнөөдөр Трампт баяр хүргэж, 20 минутын турш утсаар ярьсан тухай ч мөн мэдээлж байна. Японы Ерөнхий сайд түүний ялалтад баяр хүргэхийн зэрэгцээ “Америк улс Трампын удирдлага дор улам бүр аугаа болж хүчирхэгжинэ” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Ази-Номхон далайн бүс нутаг бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн төв, мөн нөгөө талдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал бол Америкийн хүчний эх үүсвэр болохыг Шинзо Абэ яриандаа онцолжээ. Үүнд Америк-Японы ойрын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг ч дурдсан байна.
Харин Дональд Трамп түүнтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаа төдийгүй ирэх дөрвөн жил Японы Ерөнхий сайдтай ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Шинзо Абэ АНУ-ын шинэ төрийн тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэхээс өмнө түүний итгэлийг олж авахыг чармайж байна гэж ажиглагчид үзэж байна.
| Шинзо Абэ, Дональд Трамп нар ирэх 7 хоногт уулзана | ||
| Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.