АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн АНУ-ын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн хувьд гэнэтийн байсан. Тийм ч учраас Дональд Трампын ялалтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа америкчууд хэд хэдэн хотод Трампыг эсэргүүцэх жагсаал зохион байгуулж байна. Өчигдөр орой Нью- Йоркийн Манхэттен дүүрэг дэх Трампын цамхаг барилгын гадна хэдэн зуун иргэн цуглан “Трамп бол бидний Ерөнхийлөгч биш”, “Трамп бол түрэмгийлэгч” гэсэн уриа лоозон барьж жагсчээ.

Мөн Вашингтон Ди Си, Бостон, Сан Франциско зэрэг хэд хэдэн хотод Трампын эсрэг жагсаал өрнөлөө. Үүнээс гадна хилийн чинадад ч Трампын ялалтыг хүлээн авч чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна. Тухайлбал, Их Британи дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна түүнийг эсэргүүцэгчид мөн л жагсаал зохион байгуулжээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүн хамгийн хүндээр туссан Европын Холбооны орнуудын гадаад хэргийн сайд нар энэ ням гарагт яаралтай хуралдах болсон байна.

Дональд Трамп Атлантын далайн цаадах холбоотон орнуудтайгаа худалдаа, батлан хамгаалахын салбарт ямар бодлого барьж ажиллах, тэр нь Европын холбоонд яаж тусч болох талаар тэд хэлэлцэх юм байна. Трампын ялалт үнэхээр гэнэтийн зүйл байлаа гэдгийг Америкийн Европ дахь ойрын холбоотон Германы Гадаад хэргийн сайд мэдэгдсэн.
Харин канцлер Ангела Меркель Америк-Германы хоорондох олон талт хамтын ажиллагаа цаашид хэвээр үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ч мөн Меркельтэй ижил харилцаагаа хамгаалсан мэдэгдэл хийсэн бол Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ердийн л баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлсэн болохыг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.
| АНУ-ын хэд хэдэн хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал болж байна | ||
| Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.