АНУ бол дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод чухал нөлөөтэй улс. Тийм ч учраас тус улсын төрийн тэргүүнээр хэн сонгогдох, түүний бодлого, шийдвэр ямар байх нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ өдрүүдэд Марракешт болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх бага хуралд оролцогчид хүлэмжийн хийг бууруулах хүчин чармайлтад АНУ-ын сонгуулийн үр дүнгийн үзүүлэх нөлөөллийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар сөрөг үзэл бодол илэрхийлж байсан нь олон улсын төлөөлөгчдийг ийнхүү сэтгэл зовиноход хүргэсэн байна. Энэ уулзалтад дэлхийн 120 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа бөгөөд уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх талаарх тодорхой зарчмуудыг хэлэлцэж байгаа юм.
Мөн хөгжиж байгаа улс орнуудыг хүлэмжийн хийг бууруулах зорилтод нь хүргэхийн тулд өндөр хөгжилтэй улс орнуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тавих шаардлагыг хэлэлцэн батлах юм. Энэ хэлэлцүүлгийг цааш хэвийн үргэлжлүүлэхэд АНУ-ын сонгуулийн үр дүн огт нөлөөлөхгүй гэж Америк болоод түүний ойрын холбоотон орнуудын төлөөлөгчид мэдэгдсэн ч ирэх нэгдүгээр сард Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөж, бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараа чухам юу болох талаар тэд тодорхой зүйл хэлж чадахгүй байна.
Учир нь Дональд Трамп Парисын гэрээнээс татгалзах тухай өөрийн байр суурийг илэрхийлсэн нь ийнхүү асуудал үүсгээд байна. Хэрвээ АНУ энэ гэрээнээс гарчихвал хөгжингүй улс орнуудыг хүлэмжийн хийгээ бууруулахад нь туслах санхүүгийн дэмжлэгийн гол эх үүсвэрүүдийн нэг үгүй болох юм. Иймд хүрээлэн буй орчныг хамгаалах төрийн бус байгууллагынхан АНУ-ыг Парисын гэрээнд заасны дагуу тус гэрээнд нэгдэн орсон улс орон дөрвөн жилийн хугацаанд гэрээнээс гарахгүй байх зүйл заалтыг дагаж мөрдөх хэрэгтэйг сануулаад, энэ бол маш ноцтой асуудал гэдгийг онцоллоо.
| АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бодлого дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй | ||
| Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.