Шууд Chart

Хиллари Клинтон: Би Трампт итгэл хүлээлгэж байна

2016-11-10 14:59:31

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. АНУ-тай ойр болон таагүй харилцаатай аль аль улс орон, холбоотнуудад нь Трампын ялалт гэнэтийн байсныг олон улсын хэвлэлүүд онцолж буй юм.  Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай байсан Хиллари Клинтон ялагдал хүлээсэн нь АНУ-ын ард түмэн өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч, хүлээж байсны нэг илрэл боллоо гэж ажиглагчид тэмдэглэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп өчигдөр ялалтаа олон нийтэд зарлаж, хэлсэн үгэндээ “Бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно” гэж амласан. Түүнийг сайн Ерөнхийлөгч болно гэж найдан, дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг тэргүүлэх боломжийг олгож байгаагаа түүний өрсөлдөгч Хиллари Клинтон мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Хиллари өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч, Дональд Трампт итгэл хүлээлгэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр өчигдөр Нью-Йоркийн "Манхеттан" зочид буудалд дэмжигчдийнхээ өмнө тавьсан илтгэлдээ “Америкчууд миний бодсоноос ч илүү гүн гүнзгий хуваагдсан байж” гэсний зэрэгцээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг дэмжигчдэдээ уриаллаа.

Хиллариг дэмжигчдийн дийлэнх нь залуус бөгөөд шинэ Ерөнхийлөгчдөө нээлттэй хандан, улс эх орныг удирдах боломжийг олгохыг тэднээс хүссэн юм. Харин Хиллариг хамгийн их дэмжиж байсан Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд сонгуулийн үр дүн хар дарсан зүүд байлаа гэж АНУ-ын хэвлэлүүд бичиж байгаа ч тэрбээр Трампын ялалтыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Обама өчигдөр Трамптай утсаар ярьж баяр хүргэсэн байна. Тэрбээр өнөөдөр "Цагаан ордон"-д Трамп болон түүний багийнхантай уулзаж, Ерөнхийлөгчийн эрх, үүргийг шилжүүлэн өгөх тухай асуудлыг хэлэлцэж, төлөвлөх юм байна. Гэхдээ Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсан ч ирэх оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх хүртэл хийгдэх ажил их байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиллари Клинтон: Би Трампт итгэл хүлээлгэж байна   
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй