Шууд Chart

Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцэгчдийн жагсаалд сая гаруй хүн оролцжээ

2016-11-13 12:01:40

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд сая орчим хүн оролцсон байна.  Олон нийт  Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан  тушаалаасаа огцрохыг шаардан Хөх  ордны гадна  жагссан  байна. Эсэргүүцлийн энэ арга хэмжээг  Өмнөд  Солонгосын үйлдвэрчний эвлэлүүдийн ассоциациас  зохион байгуулсан юм.

Орон нутгийн хууль сахиулах байгууллагынхан  эсэргүүцлийн энэ жагсаалд оролцогчийн тоо 260 мянгад хүрсэн гэж мэдээлж байна. Жагсаалд   ажилчид, оюутнууд, тэтгэврийнхэн төдийгүй бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд ч оролцсон тухай "Ёонхап" агентлаг мэдээлж байна. Өмнөд  Солонгосын  эрх баригчид эсэргүүцлийн жагсаалаас өмнө аюулгүй байдлыг чангатгах  арга хэмжээ авсны дотор 25  мянган  цагдааг   нэмэлтээр ажиллуулсан байна.

Өчигдрийн жагсаал 1987 оноос хойших хамгийн олон  хүн оролцсон  эсэргүүцлийн ажиллагаанд  тооцогдож  байгааг “Эн эйч  Кэй”  тэмдэглэж байна.  Түүнчлэн сүүлийн 10 жилд  Ази тивд  болсон  хамгийн том эсэргүүцлийн жагсаал байлаа гэдгийг олон улсын  хэвлэлүүд  онцолж байна.  Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч  найз  Чой  Сун Силийг тойрсон шуугианаас болж шүүмжлэлийн  бай  болоод байгаа юм.

Өнгөрсөн 3-ны өдөр Сөүлийн тойргийн  шүүхээс  Чой  Сун Силийг  баривчлах  зөвшөөрлийг  мөрдөгчдөд олгосон. Түүнийг өмнөд  Солонгосын томоохон корпорациудаар хоёр сандаа  хууль бусаар  хандив  өгүүлж  байсан,  авлигад автсан,  төрийн нууц мэдээлэлд халдсан  зэрэг хэрэгт  буруутгаж байгаа юм. 

Харин  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч найздаа төрийн нууцад нэвтрэх  боломж олгосон гэж буруудаж буй. Өнөөдөр "Ёонхап" агентлагийн мэдээлснээр Өмнөд  Солонгосын прокурорууд  Ерөнхийлөгч  Пак Гын Хэгээс  найз  Чой Сун  Силтэй  холбоотой  асуудлаар  мэдүүлэг  авахаар  төлөвлөж  байгаа аж. Хэрэв прокурорынхон  үнэхээр түүнээс мэдүүлэг авбал Ерөнхийлөгчийн  албан үүргээ  гүйцэтгэж байхдаа прокурорынхонд мэдүүлэг  өгсөн анхны тохиолдол  болно.

Прокурорынхон Чой Сун  Силийн  саатуулан  хорих хугацаа ирэх 20-нд дуусгавар болсны дараа Ерөнхийлөгчийн  эсрэг  хэрэг  үүсгэн  мөрдөн  шалгах боломжийг судалж байгаагаа мэдэгджээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцэгчдийн жагсаалд сая гаруй хүн оролцжээ   
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй