Шууд Chart

Ерөнхийлөгч Пак сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзана

2016-11-14 14:55:05

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн дуулиан шуугиан улам бүр газар авч байгаа энэ үед прокурор түүнээс мэдүүлэг авах тухай яригдаж эхлээд байна. Мөн тэрээр маргааш гол сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзахаар болжээ. Ерөнхийлөгчийн албаны уламжилснаар ерөнхийлөгч Пак Гын Хэ сөрөг хүчний гол нам болох Минжү намын тэргүүн   Чоо Ми-ай-гийн уулзах саналыг хүлээн авч, маргааш уулзахаар болсон байна.

Тодруулбал, сөрөг хүчний энэ нам нь ерөнхийлөгч Пак-ийг түүний найз Чой Сун Сил-ын авлигын хэрэгтэй холбогдсон тэр цагаас эхлэн огцрохыг шаардаж байгаа юм. Гэвч энэ удаад ерөнхийлөгчтэй уулзаж, ямар яриа хэлэлцээ хийх талаар мэдээлэл байхгүй байгаа ч зарим нэг хардлага үүсээд байна. Ерөнхийлөгч Пак засаг захиргаандаа шинэ томилгоо хийх үеэрээ эрх баригч болон сөрөг хүчний намын хоёулангийнх нь санал болгосон хүнийг ерөнхий сайдаар томилж болох юм гэсэн санал дэвшүүлж байсан. Мөн тэрээр энэ асуудлаар 2 намын удирдагчидтай уулзах санал гаргасан ч бүтэмжтэй зүйл болоогүй.

Харин энэ удаад сөрөг хүчнийхэн бодлоо өөрчилж, уулзахаар болсон нь ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа олон нийтийн дэмжлэгийг авч, түүнийг огцор гэсэн шаардлагаа дахин тавих гэж байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч Пак-ыг өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүргэсэн хэргийг дахин сөхвөл, түүний 40 гаруй жил үерхсэн найз Чой Сун Сил нь төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, ерөнхийлөгчийн нэрийг барьж, үүсгэн байгуулсан 2 сандаа хууль бусаар мөнгө татан төвлөрүүлсэн, түүнийгээ хувийн ашиг сонирхолд зарцуулсан, авлига авсан гэх мэт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм.

Энэ хэрэгт ерөнхийлөгч Пак төрийн зөвлөхийн албан тушаалгүй, гадны хүнийг улсын нууц материалд халдах боломжийг олгосон гэж буруутгагдан энэ лхагва гарагаас хэтрэхгүйгээр прокурорт мэдүүлэг өгөх болоод байна. Ингэснээр тэрээр тус улсын түүхэнд хэрэгт холбогдон, мэдүүлэг өгсөн анхны ерөнхийлөгч болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Пак сөрөг хүчний намын тэргүүнтэй уулзана  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй