Шууд Chart

Азийн хөгжлийн банк манай улсад $287 саяын санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

2016-11-14 14:56:05

Азийн хөгжлийн банк  /АХБ/ 2016 онд Монгол Улсад  нийт 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Эдгээр хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн сүлжээг өргөтгөх,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олох, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслана. Мөн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэж байна.

АХБ-ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас 2016 оны зудын хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсад тусламж үзүүлсэн.  Үүнээс гадна Замын-Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах, Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх байгууламж барих зээлийн хоёр дахь шат үргэлжилж байна.Шинээр хийгдэх эдгээр хөрөнгө оруулалт нь одоо хэрэгжиж байгаа 953 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны төслийн үргэлжлэл болон хэрэгжих юм.

Өнгөрөгч 2015 онд АХБ Монгол Улсад 305.5 сая ам.долларын санхүүжилтийг баталсны дотор 275 сая ам.долларын дүн бүхий засгийн газрын 4 зээл, 8 сая ам.доллартай тэнцэх худалдааны санхүүжилт болон 6 сая ам.долларын 2 буцалтгүй тусламжийн төсөл, 16.5 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төслүүд багтсан байна.

Монгол Улс АХБ-нд 25 жилийн өмнө нэгдэж орсноос хойш нийт 2 тэрбум ам.долларын санхүүжилтийг тус банкнаас Монгол Улсад баталжээ. Манила хотод төвтэй АХБ нь Ази Номхон далайн бүс нутагт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой өсөлт, бүсийн нэгдлийг хангах замаар ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. АХБ 1966 онд анх байгуулагдсан ба энэ оны 12 дугаар сард уг байгууллага бүс нутагт хөгжлийн төлөөх түншлэлээ эхэлсний 50 жилийн ой тохиож байна. Нэмж мэдээлэхэд, АХБ-нд 67 орон гишүүнээр элссэн бөгөөд үүнд бүс нутгийн 48 орон байна.


Азийн хөгжлийн банк манай улсад $287 саяын санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй