Одоогоос яг жилийн өмнө "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхэн Парист террорист халдлага үйлдэж, олон гэм зэмгүй иргэд амь насаа алдсан. Өчигдөр тэдний дурсгалыг хүндэтгэх ёслол болж өнгөрлөө. Энэ үеэр олон улсын хэвлэлийнхний сануулж байгаагаар 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Парисын хэд хэдэн газар буюу Концерт Холл, ресторан болон түүний ойролцоох нийт 5 газар халдлага, дэлбэрэлт болж, улмаар 130 хүн амь насаа алджээ.

Халдлага болсон газрын ойролцоо амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолд олон зуун иргэд оролцсоны зэрэгцээ Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон ерөнхий сайд Мануэль Вальс нар оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгч Олланд ардчиллыг хамгаалахын тулд авах арга хэмжүүрээ улам бүр нэмэгдүүлнэ гэсэн юм.

Энд цугларагсад энх тайвны итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон агаарын бөмбөлгийг хөөргөсөн байна. Эн Эйч Кэй телевизэд ярилцлага өгсөн эмэгтэйн ярьж байгаагаар энэ халдлагын үеэр тэрээр 5 найзаа алджээ. Түүний амьдралд тохиосон маш хүнд хэцүү үеийг даван туулж, анх удаагаа хэргийн газар ирээд байгаа нь энэ юм байна.
Түүн шиг олон арван хүн ойр дотныхоо хүмүүсийг дурсан санагалзаж, дахин ийм аймшигт хэрэг гарахгүй байхыг хүсч залбирч байгаагаа хэлжээ. Мөн энэ өдөр 90 гаруй хүний аминд хүрсэн халдлага гарсан Батаклан театр жилийн дараа дахин үүдээ нээсэн байна.

| Парисын халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.