Шууд Chart

БНСУ-ын прокурор ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна

2016-11-14 16:31:11

Өмнөд Солонгосын прокуророос ерөнхийлөгч Пак Гын Хэгээс түүнтэй холбогдох хэргийн талаар мэдүүлэг авах болсон тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр тэрээр тус улсын түүхэнд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа хэрэгт холбогдож, мэдүүлэг өгсөн анхны ерөнхийлөгч болох юм. Прокурорын мэдүүлж байгаагаар маргааш юм уу эсвэл лхагва гарагт энэ мэдүүлгийг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Үүнээс өмнө ерөнхийлөгчийн дотны найз Чой Сун Сил болон ерөнхийлөгчийн хоёр зөвлөхийг баривчилж, төрийн нууц мэдээлэлд халдсан, хууль бусаар мөнгө цувчуулсан гэх мэт хэрэгт сэжиглэн байцаалт аваад байгаа бол Солонгосын томоохон байгууллагууд болох Самсунг, Хиүндай, Кориан Эйр-ийн удирдлагуудыг энэ хэрэгтэй холбоотойгоор хууль бус санхүүжилт өгсөн, авлига авсан гэх мэт үндэслэлээр байцаагаад байгаа. Харин энэ удаад ерөнхийлөгч Пак-ийг мөн л энэ хэрэгт холбогдуулан мэдүүлэг авах гэж байна.  

Солонгосын прокуророос мэдүүлэг авах хүсэлтээ өчигдөр ерөнхийлөгчийн албанд илгээсэн бөгөөд одоо хариу хүлээж байгаа тухайгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Пак өмнө нь ард түмнээсээ уучлалт гуйх үедээ, хэрвээ шаардлагатай бол хууль хяналтынханд мэдүүлэг өгөхөд бэлэн байна гэж байсан. гэхдээ энэ удаад энэ нь бодитой болох эсэх нь тодорхойгүй, ерөнхийлөгчийн албанаас хариу өгөөгүй байна.

Мөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн ордны гадна ерөнхийлөгч Пак-ийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болсон. Энэ жагсаал сүүлийн хэдэн жил Солонгост төдийгүй Азид болоогүй, хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Солонгосын ард иргэдийн дунд ерөнхийлөгч Пак-ийг дэмжигчдийн хувь ердөө 5 хүрэхгүй байгаа нь түүнийг хугацаанаасаа өмнө суудлаасаа огцорч магадгүй гэх таамаглалыг нэмэгдүүлж байна. Уг нь 2017 оны сүүлээр түүний 5 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын прокурор ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс мэдүүлэг авна  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй