Шууд Chart

Шинэ Зеландад болсон газар хөдлөлтөд монгол хүн хохироогүй гэв

2016-11-15 11:23:20

Шинэ Зеландад 11 дүгээр сарын 13-ны өдөр 7,8 магнитуд буюу маш хүчтэй газар хөдөлж, улмаар 2 хүн амь насаа алджээ. Энэ газар хөдлөлтийн улмаас цунами нүүрлэж болзошгүй гэх сэрэмжлүүлгийг албаныхан өгөөд байгаа.

АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт Шинэ Зеландын зүүн хойд нутгийн Краистчойрч хотоос хойш 93 км-ийн зайд, газрын гүний 23 км-ээс чичирхийлж мэдрэгдсэн гэж байна.

Үүнтэй холбогдуулан тус улсын ерөнхий сайд Жон Кей хэвлэлийн бага хурал хийж, газар хөдлөлтөөс үүдсэн хор хохирол, нөхцөл байдлын талаар танилцууллаа. Түүний хэлж байгаагаар 2 хүн энэ гамшгийн улмаас амь насаа алдсан нь баттай болоод байна. Номхон Далайн Цунамигийн сэрэмжлүүлгийн төвөөс мэдээлж байгаагаар шөнө дунд нэг цагийн үед Шинэ Зеландын Өмнөд арлын зүүн эрэг болох Каикоурагийн ойролцоо газар хөдлөлтийн голомтоос 60 км-ийн зайд далайн давалгаа 2,5 метрийн өндөрт буюу цунамигийн хэмжээнд хүрч давалгаалсан байна.

Ерөнхий сайд Жон Кей-ийн танилцуулснаар газар хөдлөлтөөс үүдэн харилцаа холбооны шугам тун завгүй байгаагийн зэрэгцээ Каикоурагийн нөхцөл байдалтай түргэвчлэн танилцах шаардлагатай байгаа тул цэргийн нисдэг тэргийг тус бүс нутагруу илгээсэн гэж байна.

Газар хөдлөлтийн улмаас эрдэнэт хүний амь сүйдсэний зэрэгцээ байшин барилга нурж, зам хагарч, хуваагджээ. Газар хөдлөлт болсон зүүн хэсгийн ойролцоо  6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл одоог хүртэл мэдрэгдсээр байгаа тухай олон улсын хэвлэлүүд уламжилж байна. Иймд эрх баригчид Шинэ Зеландын зүүн хэсэгт оршин суугаа иргэдэд цунамигийн сэрэмжлүүлэг хүргэж, далайн эрэг рүү явахгүй байхыг анхааруулжээ.

Энэхүү газар хөдлөлт болон газар хөдлөлтийн дараах чичиргээнд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд өртөөгүй болохыг Канберра дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеландад болсон газар хөдлөлтөд монгол хүн хохироогүй гэв  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй