Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өмгөөлөгчтэй өнөөдөр уулзахаар төлөвлөсөн тухай мэдээлж байна. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс мэдүүлэг авах асуудлыг хэлэлцэнэ.
Прокурорынхон мөн ирэх бямба гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд ял тулгахаар төлөвлөж байгаа юм байна. Тиймээс маргааш сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөх хүсэлтийг Ерөнхийлөгч Пак Гын Хэд тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн талынхан прокуророос гаргасан мэдүүлэг авах өмнөх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь бэлтгэх хангах шаардлагатай гэдэг шалтгаантай холбоотой байсан. Харин Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригч намынхан ч Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг засгийн газраас тусдаа бие даасан, бүрэн эрхтэй тусгай прокурорыг томилж шалгуулах хэрэгтэй хэмээн шаардаж байгаа.
Тиймээс энэхүү тусгай томилгоо хийхэд шаардлагатай хуулийн төслийг өнөөдөр батлахаар төлөвлөөд байгаа юм. Энэ хуулийн төсөлд бие даасан прокурорыг сөрөг хүчнийхэн сонгоно гэсэн заалт оруулсан байгааг эрх баригч намынхан эсэргүүцэж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил төрийн алба хашдаггүй мөртлөө төрийн нууцад хамаарах баримт бичгүүдтэй танилцах боломжтой байсан. Хандивын сандаа Ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан их хэмжээний мөнгийг томоохон компаниудаар хандивлуулсан гэх шуугиан дэгдээд байгаа юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ үүнтэй холбоотойгоор нийт ард иргэдээсээ уучлал хүсч, засгийн газартаа хүртэл халаа сэлгээ хийсэн. Гэвч олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжиж байна. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Азид сүүлийн 10 жилд анхныхад орох, Өмнөд Солонгостоо 1989 оноос хойш анхныхад тооцогдох 1 сая хүн оролцсон томоохон жагсаал цуглаан болсон юм. Олон нийт болоод сөрөг хүчнийхэн, эрх баригч намын зарим гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байгаа юм.
| Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн өмгөөлөгч, прокурорынхны уулзалт өнөөдөр болно | ||
| Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.