Болгарын парламент Бойко Борисов тэргүүтэй сайд нарын танхимын бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг хүлээн авч ёсоор нь болгосон байна. Ардын хурлын гишүүдийн 218 гишүүн засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн санал өгсөн бол 2 гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Ерөнхий сайд Бойко Борисов өнгөрсөн даваа гаригт парламентад огцрох өргөдлөө өргөн барьсан юм.
Харин огцрох шийдвэр гаргах болсон шалтгаан нь эрх баригч Герб намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цецка Цачева генерал Румен Радевтэй өрсөлдөөд ялагдсантай холбоотой юм байна. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа тэрээр парламентын даргын суудлаасаа огцрохоо мэдэгдэж байсан ч өнгөрсөн мягмар гарагт энэ шийдвэрээ өөрчилснөө мэдээлсэн. Одоо Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев парламентад олонх болсон Герб намынханд шинэ засгийн газар эмхлэн байгуулах үүргийг өгч магадгүй юм.
Харин Герб намынхан энэ үүргээсээ татгалзвал парламент дахь суудлынхаа тоогоор 2 дугаарт бичигддэг хүний эрх, чөлөөний төлөөх хөдөлгөөн намынхан засгийн газар эмхлэн байгуулах хэрэгтэй болно. Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Радевийг дэмжиж байсан юм. Гэхдээ хүний эрх, чөлөөний төлөө намынхан шинэ засгийн газар эмхлэн байгуулах үйл явцад оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ямар ч байсан Герб намынхан дахин засгийн газар эмхлэн байгуулах үүрэг авбал зарим сайд нар суудалдаа үлдэх нь тодорхой байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал гадаад хэрэг, эрчим хүч, аялал жуулчлалын сайдуудаас бусад нь томилогдоно гэж харж байна.
| Болгарын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.