Грекийн нийслэл Афин хотод одоогоос 43 жилийн өмнө болж, цэрэг армийнхан харгисаар дарсан Политехникийн их сургуулийн оюутнуудын бослого хөдөлгөөний ойд зориулсан жагсаал өчигдөр боллоо.
1973 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тэр үед, "хар хурандаа" нар гэж нэрийддэг төр засгийн эрхийг барьж байсан цэргийн эрхтэнүүдийн тушаалаар Афины Политехникийн их сургуулийг танкаар бүсэлж байгаад дайрсан юм. Үүнээс болж 24 хүн амь насаа алдаж мянга гаруй хүн гэмтэж шархадсан төдийгүй олон зуун оюутан баривчлагдсан юм.
Түүнээс хойш нэг жилийн дараа цэргийн эрхтэнүүдийг төр засгийн эрхнээс зайлуулж чадсан юм. Грект ардчиллыг сэргээсний дараа их сургуулиуд руу орох хаалгуудыг хаасан ч жил бүр оюутнуудын бослого болж байсан өдрийг дурсдаг жагсаал Афинд болдог болжээ.
Тэр үед оюутнууд үнэ төлбөргүй боловсролтой болох эрхийнхээ төлөө жагсан тэмцэж байсан юм. Гэтэл өнөөдөр 43 жилийн өмнөх шиг шаардлагууд эрх баригчдадаа тавьсаар байгааг өчигдрийн жагсаалд оролцогчид ярьцгааж байна. Тэр үед оюутнуудын барин жагссан талх, боловсрол, эрх чөлөө гэсэн үгс бүхий урианууд өнөөдөр ч аль ч засгийн үед тавьж буй шаардлагуудад ч багтаж байгааг жагсагчид хэлж байна.
Ер нь олон жилийн өмнөх оюутнуудын бослого хөдөлгөөн, цэрэг армийнхны харгислалд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх жагсаал цуглаан өнөөдөр эрх баригчдын бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал болдог нь бараг уламжлал болсон гэдгийг сэтгүүлчид тэмдэглэж байна. Тиймээс ч энэ удаагийн жагсаалын үеэр Грекэд сүүлийн хоёр жилд эрх барьж байгаа Сириза намын бодлогыг эсэргүүцэж байлаа.
| Афинд оюутнуудын бослого хөдөлгөөн гарсны 43 жилд зориулсан олон нийтийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.