Шууд Chart

Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр

2016-11-21 10:57:04

1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж  жил бүрийн энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын телевизийн салбарын нийт уран бүтээлчид, сэтгүүлч, инженер техникийн ажилтнууд, телевизтэй ажил, амьдралаа холбосон хэн бүхэнд баярын мэнд хүргэе.  Дэлхийн техникийн дэвшлийн хамгийн гайхамшигтай ололтуудын нэг нь яахын аргагүй телевиз мөн.

1880 онд Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд механик телевизор бүтээсэн юм.

1900 оны наймдугаар сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “Тelevision” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томьёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны  дөрвөн сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ.

1965 оны арван сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргасан юм. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байдаг. 1967 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулж эхэлсэн түүхтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй