Шууд Chart

Ангела Меркель дөрөв дэх удаагаа канцлерт нэр дэвшинэ

2016-11-21 12:08:26

Европын гол улс гэгдэж байгаа Германы хүчтэй удирдагч Ангела Меркель канцлерын албан тушаалд 4 дэх удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.

Өчигдөр болсон Христийн Ардчилсан намын ээлжит хурлын үеэр Ангела Меркель энэ шийдвэрээ албан ёсоор танилцууллаа. Тэрбээр 2005 онд Германы анхны эмэгтэй удирдагчаар сонгогдсоноосоо хойш улс эх оронд төдийгүй дэлхий дахины өмнө тулгарсан олон сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн байр суурь, хүчтэй дуу хоолойг илэрхийлж ирсэн улс төрч юм. Энэ удаад 4 дэх удаагаа улиран сонгогдох хүсэлтэй байгаа цаад шалтгаан нь олон улсын тавцанд Германаас хамааралтай олон асуудал хүлээгдэж байгаатай холбоотой гэж тэрбээр тайлбарлалаа.

Тодруулбал, Европ дахь цагаач, дүрвэгчийн хямрал, эдийн засгийг сэргээх тухай асуудал, АНУ-ын шинэ засаг захиргаатай баримтлах Европын бодлого зэрэгт Германы удирдагчийн байр суурь онцгой үүрэгтэй учир Меркелиэс өөр үүнийг хийж чадах хүн байхгүй гэх яриа ч гарсан байна.

Канцлер Ангела Меркелийн баримталж байгаа нээлттэй хаалганы бодлогын хүрээнд цагаач, дүрвэгчдийн урсгалыг ихээр хүлээн авсан нь Меркелийн нэр хүнд ард иргэдийн дунд унах гол шалтгаан болсон гэж судлаачид үзэж байгаа. Гэвч "Сандэй" сонины судалгаагаар дийлэнх олонх Меркелийг дэмжсэн хэвээр байгаа гэж гарсан байна.

Түүний тэргүүлдэг Христийн Ардчилсан нам дотор түүнтэй өрсөлдөх хүчтэй улс төрч байхгүй. Харин исламын шашинтныг эсэргүүцэгч Германы Альтернатив нам ирэх оны сонгуулиар Бундестагт олонхийн суудал авах магадлал өндөр байгаа ч канцлерт өрсөлдөх хүчтэй улс төрч нам дотор нь байхгүй гэж улс төр судлаачид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ангела Меркель дөрөв дэх удаагаа канцлерт нэр дэвшинэ   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй