Сирид үргэлжилсээр байгаа зөрчил мөргөлдөөний улмаас түүх, соёлын өв устан үгүй болж байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан, Сирийн эртний Палмира хоттой холбогдох археологийн олдворууд алан хядагч бүлэглэлийнхний хяналтад байх хугацаанд ихээр сүйджээ.
Зэвсэгт бүлэглэлийнхэн эртний түүхэн олдворуудаас үнэд хүрэхүйцийг нь худалдаж, музейн үзмэр болон хөшөө дурсгалуудыг дахин сэргээх боломжгүй болтол нь сүйтгэсэн болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд Сирийн түүх, соёлын үнэт өвийг хамгаалахын тулд тус улсын эрдэмтэд Японы эрдэмтэдтэй хамтран дахин сэргээх, аюулгүй хадгалж үлдэх боломжийн талаар судлахаар болжээ.
Сири дэх зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан зэрэг нь дан ганц соёлын өвийг устгаад зогсохгүй хүн амын эрүүл, аюулгүй аж төрөх бүхий л боломжийг хааж байна. Тодруулбал, Алеппо хотын зүүн дүүргийн бүх эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж, бүрэн сүйдсэн байна. Энэ хэсэгт босогчид хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд Сирийн Засгийн газар хотыг босогчдоос бүрэн чөлөөлөхийн тулд агаараас удаа дараа цохилт өгсөн нь эмнэлэг, сургуулийн барилга байгууламжийг нураажээ. Сүүлийн нэг долоо хоногийн дотор л гэхэд 93 энгийн иргэн халдлагад өртөж амь насаа алджээ.
| Сирид зөрчил мөргөлдөөний улмаас түүх, соёлын үнэт өв устаж байна | ||
| Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.