Шууд Chart

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны өрсөлдөөнд Никола Саркози ялагдал хүлээлээ

2016-11-21 12:30:04

Ирэх онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа эхлээд байна. Сонгуулийн хамгийн эхний шат болох нам доторх нэр дэвшигчид хоорондын өрсөлдөөнд Ерөнхийлөгч асан Никола Саркози ялагдал хүлээлээ.

Тодруулбал, баруун төвийн үзэл баримтлалтай Бүгд Найрамдах нам дотор Ерөнхийлөгч асан Никола Саркози, Ерөнхий сайд асан Франсуа Фийон, Ален Жюппе нар өрсөлдсөнөөс Франсуа Фийон хамгийн их буюу 44 хувийн саналаар тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрээр 3.2 сая сонгогчийн саналыг авч чадсан байна.

Харин Ален Жюппегийн хувьд 28.1 хувийн саналыг авч удаалсан бол Никола Саркози 21.1 хувийн саналаар нам доторх сунгаанд ялагдал хүлээлээ. Ингэснээр хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн хувьд ирэх ням гарагт болох хоёр дахь шатны сунгаанд хүч үзэх боломжтой болж байна.

Эндээс хамгийн их дэмжлэг авч ялсан нь баруун төвийн Бүгд Найрамдах намыг төлөөлж, ирэх оны сонгуульд өрсөлдөх юм. Никола Саркози өөрийн ялагдлыг хүлээж, энэ намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай Франсуа Фийоныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Фийон нь Саркозиг бодвол илүү буурь суурьтай гэх дүр төрхийг ард түмний дунд бий болгож чадсан нь санал хураалтын үр дүнд ийнхүү нөлөөлсөн байж болох юм гэж ажиглагчид харж байна.

Өдгөө 62 настай Франсуа Фийон нь  2007-2012 оны хооронд Саркозиг Ерөнхийлөгч байх үед Засгийн газрыг тэргүүлж байсан туршлагатай улс төрч юм. Хэрвээ тэрбээр нам дотроо ялалт байгуулж гарч чадвал хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын Марин Ле Пентэй нүүр тулах юм. Ле Пений хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байгаа. Учир нь Үндэсний Фронт нам нь өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд илт давуу санал авч байсан, ард иргэдийн дунд нэр хүнд нь хамгийн өндөр байгаа нам юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны өрсөлдөөнд Никола Саркози ялагдал хүлээлээ   
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй