Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригч намын хууль тогтоогчид ч Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг парламентад явуулахыг уриалж эхэллээ. Өчигдөр тус улсын прокурорынхон Ерөнхийлөгчийн эртний найз Чой Сун Сил болон Ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёр хүнийг яллагдагчаар татаад байгаатай холбоотойгоор энэ уриалга улам бүр хүчтэй дуулдах боллоо.
Өмнөд Солонгосын прокурорууд мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г яллагдагчаар татаад байгаа сэжигтнүүдтэй үгсэн хуйвалдсан гэж буруутгаж байгаа юм. Тиймээс сөрөг хүчнийхэн шуурхай хуралдаан хийж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах боломжийн талаар хэлэлцсэн байна. Сөрөг хүчний намуудын удирдлага Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалт явуулахад чиглэгдсэн тодорхой алхмуудыг нарийн хэлэлцэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн парламент Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхгүйгээр шийдэж Пак Гын Хэ огцорсон тохиолдолд авах арга хэмжээний тодорхой төлөвлөгөөг ч боловсруулахаар тохирсон байна. Үнэхээр парламентад Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулчихвал Пак Гын Хэ төрийн тэргүүний суудлаас огцрох нь тодорхой гэдэгт итгэлтэй байгааг энэ бүхэн баталж байна. Ерөнхийлөгчийг огцруулахын тулд парламентын 300 гишүүнээс 200 нь итгэл хүлээлгэхгүй гэдэг санал өгөх ёстой юм.
Сөрөг хүчний намуудын суудал 180 байдаг. Тиймээс эрх баригч Сенури намаас парламентад сонгогдсон 120 гишүүний 21 нь л Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхгүй гэж шийдвэл Пак Гын Хэ албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүйд хүрэх юм. Ийнхүү сөрөг хүчнийхэн төдийгүй намынх нь дотоодод ч импичментийн талаар ярьж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэ маргааш болох парламентын чуулган оролцохгүй байхаар шийдсэн тухай "Ренхап" агентлаг мэдээлж байна.
Мөн өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригч нам болон сөрөг хүчний намууд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн найзын сангуудад их хэмжээний хандив өгсөн гэгдэж байгаа долоон томоохон компани түүний дотор Самсунг электроникс, Хюндай моторсийн удирдлагуудыг дуудаж уулзахаар болсон тухай мэдээлж байна.
| БНСУ-ын хууль тогтоогчид Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явуулахыг уриалж байна | ||
| Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.