Олон өдөр дараалан их цас орсны улмаас хотын халтиргаа гулгаа, автозамын түгжрэл, осол аваар, бэртэл гэмтлийн тоо эрс нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд бүтэн жил нөөцөлсөн давс, бодисынхоо дийлэнх хувийг хэрэглэсэн, хот тохижилтын ажилтнууд цасаа цэвэрлэж дийлэхгүй нөхцөлд хүрээд байна. Энэ сэдвээр Санчирмаа, Бат-Эрдэнэ нарын бэлтгэсэн сурвалжлагыг одоо хүргэе.
Нийслэлийн хэмжээнд түгжрэлгүй зам гэж бараг алга. Хотын захын Баянхошуу, Ар согоот, Нисэх, Яармаг болон Зүүнээс баруун 4 зам, багшийн дээд, ялалтын талбай гээд төвийн гол замууд ч түгжрэл ихтэй байна.
Цаг уурын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан давс, бодисын хүрэлцээ хаанаа ч хүрэхгүй болсон. Өвлийн эхний сард нийт нөөцөө барж байгаа ийм нөхцөлд төсвийн тодотголд давс, бодисыг нэмж оруулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд НЗД-ын нөөц хөрөнгөнөөс 200 тонн бодис нэмж шийдэхээр болжээ. Мөн хот тохижилтын ажилтнууд дээр хүч нэмж цэргүүд болон оюутан сурагчдыг цас цэвэрлэгээнд дайчлах юм байна.
Одоо нийслэлийн нөөцөд байгаа 70 тонн бодисыг 3 өдрийн турш автозамд ашиглахад хүрэлцээтэй. Ирэх 4 өдрөөс нэмж бодис ирэх учраас автозамын халтиргаа гулгааны асуудлыг шийдэх боломжтой болно гэж нийслэлийнхэн тооцож байгаа.
Хүнд өвөл болно, цас их орно гэсэн мэдээллийг эртнээс өгсөн ч бэлтгэл муутай өвлийг угтаж байгаа энэ жишээг ахин давтахгүйн тулд одоо авах хамгийн гол арга хэмжээ бол техник хэрэгслийн шинэчлэл. Алийн болгон хүрз, малтууртай хэдэн ажилтан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг бээрч зогсох вэ гэдгийг УИХ-ын гишүүдээсээ эхлэн анхаарч, шаардлагатай төсвийг нь шийдэхэд дэмжлэг болох цаг болчихоод байгааг ч дээрх нөхцөл байдал харуулж байна.
Ц.Санчирмаа
| Халтиргаа гулгаа ба хотын түгжрэл | ||
| Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.