Шууд Chart

Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна

2016-11-22 13:08:59

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулсан  Дональд  Трамп Батлан хамгаалахын  сайддаа  чөлөөнд гарсан  генерал  Жеймс Мэттисийн нэрийг дэвшүүлж  магадгүй  тухай  "Эй Би Си"  теле суваг мэдээлснийг  олон улсын  хэвлэлүүд дамжуулж байна.

Трамп  болон  Мэттис нарын уулзалт өнгөрсөн бямба  гарагт  Нью Жерсигийн Бедминстер хотод болсон тухай  эх  сурвалжууд  мэдээлж  буй юм байна.

Мэттисийн нэрийг  Пентагоны  тэргүүнд дэвшүүлэхийг мөн  чөлөөнд гарсан  генералуудын нэг  Жек Кин  дэмжиж  байгаа аж. Тэрбээр  Дональд Трамп  түүнд  энэ  яамыг  удирдах  санал  тавьсан  боловч  хувийн шалтгаанаар  татгалзсан хариу өгснөө ч мэдэгдсэн  байна. Тиймээс  Кин Трампад  Мэттисийг  санал болгосон  байх гэж "Эй Би Си"-гийн эх сурвалж  мэдээлсэн  байна. 

АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт байгуулсан  Дональд Трамп  ч Жеймс  Мэттис генералыг Батлан хамгаалахын сайдад  нэрийг  нь дэвшүүлж байгаагаа хүлээн зөвшөөрч, уулзахад  хүчтэй  сэтгэгдэл  төрүүлсэн гэж твиттертээ  бичиж  дээрх мэдээллийг  батлаад  байна. Ерөнхийлөгчийн  сонгуульд  ялагч Трамп  Бедминстерт  Ерөнхийлөгчийн засаг  захиргааны  хэд хэдэн  албанд  нэр  дэвшүүлэх  хүмүүстэй  уулзалт  хийсэн байна.

Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын  албан  тушаалд нэр нь  тэргүүн эгнээнд яригдаж  Митт Ромнитой  уулзсан  байна.  Дональд Трамп  сүүлийн хоёр өдөр  хийсэн уулзалтынхаа  үр дүнд шинэ  томилгоогоо зарлана гэж мэдэгдэж  байсан. Гэвч  одоогоор  ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй  байна. Харин Америкийн хэвлэлүүд  л  хэн, хэн  ямар  албан  тушаалд  томилогдох болно гэж таамаглаж байна. 

"Нью-Йорк таймс" сонин Пентагоны тэргүүнээр генерал  Дэвид  Петрэус,  Сенатад Нью  Хэмпшир  мужаас сонгогдсон Кэлли  Эйотт, сенатын гишүүн  асан  Жон  Кайл  нар сонгогдож магадгүй  гэж таамагласан  байна.  Харин  хамгийн  өндөр магадлалтайд тооцогдож  байгаа  Мэттисийн  хувьд  өдгөө  66 настай  бөгөөд  2010-2013 оны  хооронд АНУ-ын  зэвсэгт хүчний  төв  командлалыг  тэргүүлж  байсан юм. Мөн тэрбээр Ойрхи Дорнод  дахь Америкийн  цэргийн ажиллагааг  ч удирдаж  байжээ. Чөлөөнд гарсан  генерал  Мэттисийн олон улсын  асуудлаарх байр  суурь  Трампынхтай  ойролцоо  байдаг.  Тэрбээр  нэг  бус удаа Иран АНУ-ын  үндэсний аюулгүй  байдал, ашиг  сонирхолд   аюул  заналхийлэл  учруулж  байна гэж мэдэгдэж  байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна   
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй