Шууд Chart

“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ

2016-11-23 11:29:05

Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийсний үр дүнд 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2017 оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд 1 тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байна.

Зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг  эхлүүллээ.  Баруун Цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс” ХХК, “Хишиг Арвин ” ХХК, “Моннис” ХХК зэрэг уул уурхайн томоохон олборлогч Монголын үндэсний компаниудын нэгдэл орж байгаа бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох болно. Цанхийн баруун уурхайн олборлолт эхэлснээр нүүрсний үнийг зах зээлийн үнээр борлуулах боломж  бүрдэх юм.

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн өр төлбөрийг барагдуулж, Монгол  Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлэх болно.  Мөн Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц болох боломжтой болж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.com


“Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний үнээ өсгөж, Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ   
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй