АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсны дараах эхний 100 хоногт хийх ажлынхаа хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр энэ үеэр Америкчууд төдийгүй дэлхийн бусад улс орнуудын улс төрчид, бизнесийнхний сэтгэлийг зовооход хүргэсэн сонгуулийн өмнөх амлалтуудаасаа татгалзах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Дональд Трамп ууны түрүүнд олон улсын худалдаа, цагаачлалын асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн юм. Тэрээр, "Худалдааны асуудлын тухайд би Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнд хориг тавих хүсэлтийг гаргана. Энэ нь манай улсын чадамжийг бууруулах гэрээ юм. Үүний оронд бид шинээр ажлын байр нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн идэвхжлийг сэргээх 2 талын шударга худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллах болно. Нүүрс устөрөгчийн тухайд Америкт эрчим хүчний эх үүсвэрийн олборлолттой холбоотой, ажлын байрыг бууруулсан хоригуудыг би хүчингүй болгоно. Цагаачлалын тухайд хөдөлмөрийн яамныханд Америкчуудын ажлын байрыг булаагч бүх визийн хөтөлбөрийг буруугаар ашиглаж байгаа асуудлыг мөрдөн шалгах тушаал өгөх болно." гэв
Мөн тэрээр АНУ-ын кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах үүрэг өгөхөө амлалаа. Үүний зэрэгцээ лоббитой тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ Дональд Трамп Ерөнхийлөгчийн шинэ засаг захиргааг эмхлэн байгуулах үйл явц саадгүй явагдаж байгааг баталсан байна. Өчигдөр л гэхэд тэрээр Массачусетс мужаас сенатад сонгогдсон Скот Браунтай уулзсан байна. Түүнийг ахмад дайчдын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргаар сонгох нь гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа юм. Мөн дотоод хэргийн сайдыг тэргүүлэх магадлалтай хүнд тооцогдож байгаа Оклахома мужийн амбан захирагч Мэри Фейлинтэй Трамп уулзсан байна.
| Дональд Трамп олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ | ||
| Үзсэн: 3267 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.