Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Боливи улсад онц байдал зарлаад байна. Сүүлийн 25 жилд хамгийн хүчтэй ган гачиг болж байгаагаас болоод ундны ус хомсдоод байгаа учир ийм арга хэмжээ авахад хүрчээ. Боливын Ерөнхийлөгч Эво Моралес өчигдөр Ханко Ккота нуурын ойролцоох ундны цэвэр усны сан байдаг газарт очиж байдалтай нь танилцсан байна.
Энэ усан сангаас нийслэл хотыг ундны усаар хангадаг юм. Гэвч орон нутгийн фермерүүд хууль бусаар энэ усан сангийн уснаас авах болсноос нийслэл хотод ундны усны хангамж тасалдахад хүрээд байна. Гэвч фермерүүд Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч усан сангаас цаашид ямар ч аргаар хамаагүй усаа авах болно гэдгээ мэдэгджээ.
_0.jpg)
Боливийн нийслэл Ла Пас хотын захад байдаг томоохон гурван усан сан хоосорч хатчихаад байгаа юм. Үүнээс болоод 125 мянган өрх айл ундны усгүй болжээ. Тиймээс эрх баригчид онц байдал зарлаж ундны усыг тодорхой хуваарьтайгаар тарааж буй юм байна. Мөн ундны усны хомсдолоос шалтгаалж элдэв халдварт өвчин гарахаас сэргийлж, сургуулиудын хичээлийг хоёр долоо хоногийн өмнөөс хаахаар шийдвэрлэсэн байна.
Ундны усгүй болсон дүүргийн иргэд эсэргүүцэл зарлан жагсаал цуглаан хийж байна. Тэд нийтийн аж ахуйн үйлчилгээнийхнийг авлигад идэгдсэн, харин Засгийн газрыг алсын хараагүй гэж шүүмжилж байна.

1970 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс болж Боливийн мөнх цаст уулын 30-50 хувь нь хайлаад байгаа аж. Эдгээр нь тус улсын хувьд онцгой чухал усны эх үүсвэр юм байна. Ла Пас хотыг усаар хангадаг мөнх цаст хоёр уул 2030 он гэхэд бүрэн хайлж дуусахаар байна гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
| Боливи улсад онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.