Их Британи улс Европын Холбооны эгнээнээс гарсан ч НАТО-гийн гол гишүүн хэвээр байх болно. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй, Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенбергтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргыг Даунинг Стрит дэх өргөөндөө хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улс цаашид Умард Атлантын эвслийг дэмжих болно гэдгийг батлан хэлсэн байна. Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга хариуд нь Их Британи улс НАТО-д тэргүүлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байна.
Их Британи улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг батлан хамгаалах зардалдаа зориулж, Зүүн Европт цэргээ байрлуулахад дэмжлэг үзүүлж байгааг тэрбээр мөн үнэлж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Их Британи, НАТО-гийн удирдагчид батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувьд хүргэх шаардлагатай байгаа талаар эвслийн бусад орнуудтай ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж хийхээр тохиролцсон байна.
Одоогоор тус эвслийн нийт таван орон түүний дотор АНУ, Их Британи, Эстони, Польш, Грек улс л энэ шаардлагыг хангадаг байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар АНУ-д саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар санал солилцсоны дээр Атлантын далайг дамнасан аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрцгөөсөн байна.
Түүнчлэн Европын Холбооны батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхдээ НАТО-гийн хүрээнд, эвслийн үүрэг зорилтыг давхардуулахгүй байх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
| Их Британийн Ерөнхий сайд, НАТО-гийн ЕНБД-ын уулзалт Лондонд боллоо | ||
| Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.