Кубын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор Никарагуад улс орон даяар 9 хоногийн гашуудал зарлаад байна. Энэ тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Даниэл Ортега өчигдөр гарын үсэг зуржээ. Мөн Уругвай, Алжир, Венесуэл улсын удирдагчид ч Кубын хувьсгалын удирдагч таалал төгссөнтэй холбоотойгоор улс орон даяар гашуудал зарлах зарлиг гаргажээ.
Кубад 9 хоногийн гашуудал зарлаж байгааг түүний дүү, тус улсын одоогийн төрийн тэргүүн Рауль Кастро өчигдөр мэдэгдсэн юм. Тэрээр мөн Фидель Кастротой салах ёслолыг хэд хэдэн хотод зохион байгуулж, ирэх сарын 4 ны өдөр Сантьяго де Куба дахь дурсгалын цогцолборт түүнийг нутаглуулахаар төлөвлөснийг мэдээлсэн байна.
Энэ өдрүүдэд Кубын телевизээр Фидель Кастрогийн дурсгалд зориулсан нэвтрүүлгүүд гарч байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид Кубын эрх баригчид, ард түмэнд хандаж эмгэнэлээ илэрхийлсээр байгаа юм. Гадаад улс орнууд дахь Кубын элчин сайдын яамдад хүмүүс очин эмгэнэлээ илэрхийлж байна. Олон хотод Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэх жагсаал цуглаанууд ч болжээ.
Кубад 9 хоногийн гашуудал зарлаад байгаатай холбоотойгоор урлаг соёлын бүх арга хэмжээг цуцалж, үзвэр үйлчилгээг ч хаагаад байгаа юм. Энэ нь нийслэл Хавана хотод хэдийн очоод байсан гадаадын жуулчдыг хүндхэн байдалд оруулж байна. Харин жижиг Хавана гэгддэг АНУ-ын Майами хотын нэгэн дүүргийнхэн, Нью Жерси муж дахь Куба гаралтай Америкчууд Фидель Кастро таалал төгссөнийг тэмдэглэн баярлацгааж байгаа аж.
Тус дүүргийн оршин суугчдын ихэнх нь Кубын цагаачид байдаг бөгөөд тэд Кастрогийн дэглэмээс болж эх орноосоо дүрвэн зугтахад хүрсэн учир түүнийг дарангуйлагч хэмээн үзэцгээдэг байна.







| Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор олон оронд гашуудал зарлажээ | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.