Барууны улс төрчид, олон нийтийн сүлжээ ашиглагчид Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн мэдэгдлийг эрс шүүмжилцгээж байна. Твиттерт л гэхэд Трюдологи гэдэг тусгай тодотголтой жиргээ давлагаа өрнөснийг Вашингтон постынхон онцолсон байна. Канадын Ерөнхий сайд Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн юм.

Тэрээр Кастро бол маргаан дагуулсан хувь хүн байсан ч эсэргүүцэгчид нь ч дэмжигчид ч Кубын ард түмэнд хязгааргүй хайртай байсныг нь хүлээн зөвшөөрдөг. Кубын ард түмэн ч командатаа гүнээ бишрэн хүндэтгэдэг байсан. Кастро бол агуу удирдагч байлаа хэмээн тодорхойлсон юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Марко Рубио Канадын Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг ичгэвтэр, болхи хэмээн тодорхойлсон байна. Харин Канадын нэрт улс төрчдийн нэг Максим Бернье Ерөнхий сайдыгаа дарангуйлагчийг ерөнхийлөгчөөс ялгаж салгаж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ.

Олон нийтийн сүлжээ болох твиттерт Канадын Ерөнхий сайдын бичсэнийг гуйвуулж хошигнол ч гэж хэлж болох давлагаа үүсгэсэн байна. Тухайлбал дарангуйлагч, террористуудын толгойлогч гэгдэж явсан хүмүүсийн тухай Канадын Ерөнхий сайдынх шигээр бичицгээж байгаа юм. Түүнчлэн Жастин Трюдогийн мэдэгдэл олон нийтийг дэлхийн түүх болоод өнөөгийн олон улсын үйл явдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадлаа хэмээн бичиж байлаа. Түүнчлэн Канадын Ерөнхий сайдыг Фидель Кастрог сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцоно гэсэн ташаа мэдээлэл ч цацагдаж эхэлсэн. Харин энэ мэдээллийг засгийн газраас няцаагаад тус улсын захирагч генерал Дэвид Жонстон гашуудлын энэ арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцох болно гэдгийг мэдэгдсэн байна.
| Канадын ерөнхий сайдын мэдэгдэл олон нийтийн шүүмжлэлд өртөж байна | ||
| Үзсэн: 2254 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.