АНУ-ын Висконсин мужийн сонгуулийн хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг дахин тоолохоор шийдвэрлэсэн байна. Ийм шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуульд Ногоонтны намаас нэр дэвшсэн Жил Стайн тавьсан байна. Тэрээр өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мужид 1 хувийн л санал аваад байсан юм.
Дональд Трампын ялалт байгуулсан Висконсин мужид саналын хуудсуудыг дахин тоолох нь Трампын өрсөлдөгч Хиллари Клинтонд боломж олгож магадгүй гэж Бүгд найрамдах намынхан үзэж байна.
Түүнчлэн Жил Стайны саналын хуудсуудыг дахин тоолох шаардлагын ард Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтоны баг байж болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Мөн Жил Стайн Дональд Трампын маш бага хувийн саналаар ялалт байгуулсан 3 мужид саналын хуудсуудыг тоолохыг шаардаж байгаа учир ийм хардлага гарч байгаа юм.
Гэвч Дональд Трамп Висконсинд саналын хуудсуудыг дахин тоолохоор шийдвэрлэснийг луйвар хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргах нь нэлээд өртөг зардал ихтэй үйл явцад тооцогддог. Жил Стайн Висконсиноос гадна Пенсильвани, Мичиган мужуудад ч дахин тооллого явуулахыг шаардаж байгаа аж.
Хэрэв бүгд түүний шаардлагыг хүлээн авахаар болчихвол муж бүрт сая орчим америк доллар зарцуулах хэрэгтэй болно. Мичиганд гэхэд л дахин тооллогод оролцох сонгуулийн хорооны ажилтан бүрт 125 ам.доллар олгох ёстой. Энэ мужид нийт 6300 хэсгийн хороо байдаг учир Жил Стайн 787,5 мянган доллар төлөх ёстой болно гэдгийг мэргэжилтнүүд тооцоолж байна.
Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Стайны сонгуулийн штаб сонгуулийн өмнөх компанидаа 4,8 сая доллар л цуглуулж чадсаныг сануулж байна. Стайн саналыг хуудсуудыг тоолох явцад болоод урьдчилсан дүнг зарлахад алдаа гаргасан хэмээн баталж ийнхүү дахин тооллого явуулах үйл явцыг эхлүүлээд байгаа юм.
| Висконсин мужид ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг дахин тоолохоор болжээ | ||
| Үзсэн: 1664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.