Италийн технологийн хүрээлэнгийн судлаачид болон инженерүүд газар хөдлөлт, хөрсний нуралтын үед аврах ажиллагааны багийнхны хүрч чадахгүй газарт очиж ажиллан аврах ажиллагаа явуулах, хүнд жинтэй зүйлсэд дарагдсан хүнийг аврах, дээрх зүйлсийг хүнийг нь гэмтээлгүйгээр зайлуулах, үер цунамигийн үед усан дор аврах ажиллагаа явуулах зэрэг хүний хүч чадлаас давсан нөхцөл байдалд аврах ажиллагааг явуулах робот зохион бүтээснээ олон нийтэд танилцуулж байна.
Дөрвөн хөлт энэ роботыг Хик хэмээн нэрлэсэн бөгөөд уг робот нуранги дундуур буюу тэгш бус гадаргуу дээгүүр тэнцвэрээ алдалгүй явах, ямар нэгэн юмны хаалт, таглааг эргүүлэн онгойлгох, шатаар өгсөх, гинж саадыг таслах, байг олж тогтоох, гадаргуу дээр тойрог хэлбэрээр цоолж нүх гаргах зэрэг чадваруудтай. Түүнчлэн ийм төрлийн бартаат зам дээр явж байхдаа унасан тохиолдолд буцаад босох чадвартай програмчлагдсан нь Хик роботын давуу тал болж байгаа юм. Энэхүү роботыг дөрвөн хөллөж алхдаг амьтад буюу морь, нохой мэтийн амьтдыг дуурайлган хийсэн байна.
Ойролцоогоор 60 см урттай, 75 кг жинтэй Хик робот хагас удирдлагатай. Ерөнхий даалгаврыг өгөх үед өөрөө бие даан гүйцэтгэх хүчин чадалтай. 2015 онд Хик роботын анхны загварыг гарган туршиж байжээ. Түүнээс хойш загварыг улам боловсронгуй болгож, сайжруулсан байна. Уг роботыг удахгүй Италийн иргэний хамгаалал, гал түймэртэй тэмцэх байгууллагын аврах ажиллагааны багийнхан туршиж үзэх юм байна.
| Италийн судлаачид аврах ажиллагаанд ашиглах өндөр технологийн робот зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.