Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ОПЕК-ийн гишүүн орнуудын шийдвэрийн дараагаас өсч эхэлсэн байна. Лондоны түүхий эдийн бирж дээр ирэх нэгдүгээр сард нийлүүлэх Брэнт маркийн газрын тосны үнэ есөн хувиар нэмэгдэж, 50 доллар 47 центэд хүрсэн байна.
Харин Америкийн вайт маркийн газрын тосны үнэ 8.3 хувиар өсч, 49 долларт хүрчээ. Түүнчлэн газрын тосны томоохон компаниудын үнэ түүний дотор Британийн "Би пи", Францын Тотал зэрэг компаниудын хувьцааны ханш өссөн байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 1.2 сая баррель нефтиэр бууруулах шийдвэрийг гаргасан байна.
Одоогийн байдлаар тус байгууллагын гишүүн орнууд хоногт нийтдээ 33.6 сая баррель нефть олборлож байгаа юм. Харин өчигдрийн гаргасан шийдвэрээр бол энэ хэмжээг 4.5 хувиар бууруулахаар болсон байна. Энэ нь дэлхийн нийт газрын тосны олборлолтыг нэг хувиар бууруулна гэсэн үг юм байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын энэ тохиролцоонд ОХУ нэгдсэн байна. Тус улс газрын тосны олборлолтын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд байнга нэгдүгээрт бичигдэх болсон юм.
ОХУ олборлолтоо хоногт 300 мянган баррелиар бууруулахыг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард ОХУ нийт 11.25 сая баррель газрын тос олборложээ. ОПЕК тус байгууллагад нэгддэггүй газрын тос олборлогч улс орнууд олборлолтынхоо хэмжээг нийтдээ 600 мянган баррелиар бууруулж магадгүй гэж найдаж буй юм байна. ОХУ тал хувийг нь бууруулахаа амалчихсан учир үлдсэн орнууд ч ийм жишиг дагах байх гэж тооцоолж байна.
Харин зах зээлийн шинжээч мэргэжилтнүүд газрын тосны үнэ зах зээлд өсч байгаа нь богино хугацаанд л үргэлжилнэ гэж таамаглаж байна. Учир ОПЕК-ийн шийдвэрийг гишүүн орнууд нь бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Бүхэлдээ тус байгууллагын гишүүн орнууд нийт олборлолтынхоо хэмжээг хоногт 33 сая болгож бууруулж чадвал ирэх оны эхний хагаст Брэнт маркийн газрын тосны үнэ 55 ам доллар, вайтынх 56.5 ам долларт хүрнэ гэсэн таамаглал ч бас байна.
| Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байна | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.