Колумбын парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын гишүүд тус улсын Засгийн газрын Хувьсгалт зэвсэгт хүчин буюу босогчдын "ФАРК" бүлэглэлтэй байгуулсан шинэ энхийн гэрээг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Үүний өмнө парламентын дээд танхим тус гэрээг дэмжин баталсан юм.
Төлөөлөгчдийн танхим 130 гишүүнтэй бөгөөд гэрээг бүгд дэмжин саналаа өгчээ. Ингэснээр тус гэрээ хуульчлагдаж хүчин төгөлдөр болоход бэлэн болоод байгааг тус улсын парламентын доод танхимын албан ёсны сайтын мэдээнд тэмдэглэсэн байна. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, "ФАРК" бүлэглэлийн удирдагч Родриго Лондоньо Эчеверри нар хагас зуун жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох шинэ энхийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эхний буюу хуучин гэрээ нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд болсон бүх нийтийн санал хураалтаас ард нийтийн дэмжлэг авч чадаагүй тул ийнхүү дахин шинээр гэрээ байгуулахад хүрсэн юм. Колумбын Ерөнхийлөгч Сантос үүний дараа экс Ерөнхийлөгч Альваро Урибе тэргүүтэй сөрөг хүчнийхэнтэй шинэ гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм.
Мөн босогчдын тавьсан зарим өөрчлөлтүүдийг хамтдаа хэлэлцэж байж шинэ гэрээний төслийг гаргажээ.
| Колумбын парламентын доод танхим шинэ энхийн гэрээг дэмжлээ | ||
| Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.