БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн баталсан тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг буруушааж, эрс няцааж байгаагаа илэрхийллээ. Умард Солонгосын эрх баригчид энэхүү тогтоолыг тусгаар тогтнолд нь болоод хөгжих эрхэд нь халдлаа хэмээн үзэж байна.
Энэ тухай Умард Солонгосын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энд өнгөрсөн мягмар гаригт АНУ ын зааварчилгаагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан энэ тогтоол эрх мэдлээ урвуулан ашиглаж БНАСАУ-ын тусгаар тогтнолд халдаж хүчирхийлсэн хэрэг боллоо хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн олон улс орон түүний дотор Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бүх орон ч цөмийн болон пуужингийн олон туршилт хийж байсан ч НҮБ ын Аюулгүйн зөвлөл үүнд нь саад болж байгаагүйг сануулсан байна.
Умард Солонгосын гадаад хэргийн яамны энэ мэдэгдэлд мөн өөрсдийгөө хамгаалах хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл Умардын цөмийн 5 дахь туршилтын хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгах тогтоолыг санал нэгтэйгээр баталсан. 2321 дугаарын энэ тогтоолын дагуу Умард Солонгосын нүүрс болон хөшөө дурсгалын экспортод хориг тавьсан юм. Энэ дагуу Умард Солонгос улс хөрш Хятад дахь чулуун нүүрсний экспортынхоо орлогын 62 хувийг алдахаар болсон юм.
Мөн тус тогтоолын хавсралтаар Умард Солонгосын хувь хүн, байгууллагуудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан. Энэ жагсаалтад багтсан хүмүүс болоод байгууллагуудын дансуудыг нь царцаах, хилийн чанадын орнуудад нэвтрүүлэхгүй байхаар болсон юм. Мөн Умард Солонгост нийлүүлэхийг хориглосон тоног төхөөрөмж, технологиудын жагсаалтыг ч хавсаргасан байгаа юм.
| БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан тогтоолыг хүлээн авахгүй гэв | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.