Индонезийн цагдаагийн газар төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоож, 11 хүнийг, үүний дотор тус улсын анхны Ерөнхийлөгч, Тусгаар тогтносон бүгд найрамдах улсыг үүсгэн байгуулагч Сукарногийн охин Рачмавати Сукарнопутрийг баривчилжээ.

“Стрэйтс таймс” сонин энэ тухай мэдээлж байна. Индонезийн хууль сахиулах байгууллагын албан ёсны төлөөлөгч Бой Рафли Амарын сэтгүүлчдэд хэлснээр төрийн эргэлт хийх гэсэн бүлэгт чөлөөндөө гарсан хоёр генерал, рок хөгжимчин, улстөрийн идэвхтэн Ахмад Дхани болон өөр хүмүүс орж байжээ. Тухайлбал, эдгээр хүн энэ сарын 2-нд болсон Жакарта мужийн захирагчийг огцруулах ард олны эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдыг парламентын ордон руу чиглүүлж, улмаар Ерөнхийлөгч Жоко Видодод итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад депутатуудад шахалт үзүүлэхээр төлөвлөж байсан байна.

Энэ төлөөлөгчийн хэлснээр хууль сахиулах байгууллага цаг алдалгүй маш шуурхай хариу арга хэмжээ авч, нийслэлд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхлэхээс өмнө босогчдыг саатуулж чаджээ. Баривчлагдсан хүмүүст эх орноосоо урвасан, төр, засгийг түлхэн унагахыг завдсан хэргээр зэм тулгах бөгөөд үүнд бүх насаар нь шоронд хорих ял оноодог юм байна.
Ерөнхийлөгч Видодо энэ талаар хэлэхдээ Жакарта мужийн захирагчийг огцруулах эсэргүүцлийн цаана байдлыг тогтворгүйтүүлж, Засгийн газрыг түлхэн унагах таатай боломжийг хүлээсэн улс төрийн тоглогчид байгаа гэлээ.
| Индонезийн цагдаагийн газар төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоожээ | ||
| Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.