Шууд Chart

Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй

2016-12-05 12:18:34

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг, мэдээг  гаргасан байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигладаг.

11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй байна.

Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгдсэн байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тайлан мэдээнд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй   
Үзсэн: 2131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [213.162.68.xxx] 2016-12-05 16:02
ZUNJINGAA NAADAM HIISEN MONGOLCHUUDIIG SHALGAJ BAINA AIMAG SUMIIN NAADAM HUUNE GEJ OLON TERBUM TOG GARLAGADAJ NEG MUU DARGA NERTEI LUIVARCHIN HED HEDEEREE NIILJ IDDEG ZASAG DARGA NERTEI ALBAN ESNII HULGAICHID IDUULJ BAIHAAR OVS HADLAN BELTGEDEG BOLZGOOE OO MONGOLCHUUDAA TA BID MAH IDEH HICHNEEN DURTAI BOGOOD SAIHAN HONINII MAH IDEH YAMAR SAIOHAN BILEE

Бидэнтэй нэгдээрэй