Өмнөд Солонгосын томоохон 9 компанийн удирдлага Ерөнхийлөгч болон түүний найз Чой Сун Силтэй холбоотой асуудлаар парламентад дуудагдсан байна. Дээрх компаниуд Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийн санд их хэмжээний мөнгө хандивласан учир парламентын гишүүд энэ талаар удирдлагуудаас нь тодруулга авахаар дуусан байна. Самсунг, Лотте групп зэрэг 9 компани Чой Сун Силийн санд их хэмжээний мөнгө хандивласан бөгөөд энэ хандив нь хууль ёсных эсэхийг нь тогтоохоор мөрдөгчид ажиллаж байгаа юм.
Самсунгийн тэргүүн парламентын чуулган дээр хэлэхдээ Чой Сун Силийн 2 санд нийт 17,46 сая америк доллартай тэнцэх хэмжээний хандив шилжүүлснээ мэдэгдсэн байна. Мөн тус компани өмнө нь соёлын болон спортын төрөл бүрийн арга хэмжээнд зориулж олон хандив өгдөг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн найзын санд хандив өгөх үед сэжигтэй зүйл байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. Мөн тус компанийн тэргүүн Ли Жей Ерөнхийлөгч Пак Гын хэн соёл урлагийн болон спортын ийм арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг хэрэгтэй байгаа тухай ярьж байсан ч хандив өргөх хүсэлт тавьж байгаагүйг мэдүүлсэн байна. Гэхдээ тэрээр тус компанийн хандивтай холбоотой асуудлын ёс зүйн болоод эрх зүйн хариуцлагыг хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байна. Харин Жи Си Группын тэргүүн Ха Чан Су эрх баригчдын хүсэлтэд татгалзсан хариу өгөх угаасаа хүнд хэмээн мэдэгдсэн байна. эрх баригчдаас хүсэлт ирсэн л бол татгалзахад хүнд байдаг нь Өмнөд Солонгосын өнөөгийн бодит байдал гэдгийг тэрээр хэлсэн байна.
Одоогоор томоохон 9 компанийн удирдлагуудыг ерөнхийлөгчийн найзын санд их хэмжээний хөрөнгө мөнгө хандивласан хэмээн албан ёсоор буруутгаагүй байгаа юм. гэхдээ өнгөрсөн сард л гэхэд дээрх компаниудын заримынх нь байранд нэгжлэг хүртэл хийсэн юм. энэ хооронд Ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх оны 4 дүгээр сарын сүүлчээр хугацаанаасаа өмнө огцрох шаардлагыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээлэл ирж байна. энэ тухай тус улсын эрх баригч Сэнури намын дээгүүр албан тушаалтан мэдэгдсэн юм. Эрх баригч намынхан Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын оронд хугацаанаас нь өмнө огцруулах нь зүйтэй гэдэг санал гаргаж байгаа юм. Гэвч сөрөг хүчнийхэн төдийгүй олон нийт энэ шийдвэрийг нь нааштайгаар хүлээн авах нь эргэлзээтэй гэж Ти Би Эс телекомпани мэдээлж байна.
| Өмнөд Солонгосын 9 компанийн удирдлага парламентад дуудагдлаа | ||
| Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.