АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ойрхи Дорнод дахь терроризмтэй хийж буй тэмцэл олон жилийн туршид үргэлжилж мэдэх ч АНУ-ын аюул занал учруулахгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Тампа хотод цэргийн албан хаагчидтай уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. энэ нь түүний АНУ-ын төрийн тэргүүний хувиар хийж буй Үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой сүүлчийн томоохон мэдэгдэл учир олон улсын хэвлэлүүд ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж байлаа.
Тиймдээ ч Ерөнхийлөгч Барак Обама энэ мэдэгдэлдээ сүүлийн жилүүдэд Америкийн засгийн газрын Афганистан, Иракт хүрсэн амжилт, ололтуудын талаар дурдаж байлаа. Үүний зэрэгцээ дэлхийн олон бүс нутагт тэр дундаа Ойрхи Дорнодод олон жилийн туршид босгосон эмх журам нуран унасан бөгөөд удирдлагагүй хүчнүүдтэй хийх тэмцэл олон үеийн туршид үргэлжлэхийг онцлон хэлсэн байна. Тэрээр үүнд нөлөөлсөн сөрөг хүчин зүйлсүүдийн дотор Исламын шашныг гуйвуулагч хуурамч номлогчид багтаж байгааг сануулсан юм. Харин дотоодын аюул заналхийллийн тухай хөндөхдөө интернэтээр дамжин хэт үзэлд автаж байгаа ганцаардмал чоно гэгддэг террористууд бий гэдгийг сануулж байлаа. Гэхдээ террористууд АНУ оршин тогтноход аюул заналхийлэл учруулахгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн тэрээр улс орнуудын хоорондох дайн шигээр терроризмын эсрэг тэмцэлд ялалт байгуулахад амаргүй. Тиймээс АНУ үргэлжид сонор сэрэмжтэй, болгоомжтой байх ёстойг анхааруулсан юм. Мөн энэ үеэр терроризмын эсрэг хийж буй тэмцэлдээ сэжигтнүүдийг тамлан зовоох аргыг хэзээ ч ашиглаж болохгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч терроризмын сэжигтнүүдийг хорьдог Гуантанамо дахь цэргийн шоронг хаах шаардлагатай гэдэг байр сууриа энд дахин илэрхийлсэн юм.Мөн энэ нь дан ганц түүний биш Америкийн олон эрхтний байр суурь гэдгийг тэрээр мэдэгдлээ.
Түүнчлэн түүнийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд энэ шоронгийн хоригдлуудын тоо 242 оос 59 болтлоо буурсныг сануулсан юм. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп террористуудын эсрэг тэмцэх бүх улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. тэрээр Фейетвилл хотод болсон уулзалтан дээр ийнхүү мэдэгджээ. Тодруулбал, юу ч мэдэхгүй байж, ямар ч шаардлагагүй байж бусад улс орнуудын дэглэмийг түлхэн унагах гэж оролдохгүй. Харин үүний оронд "Исламын улс" бүлэглэлийг устгаж, террористуудыг бут цохих нь бидний гол зорилго байх болно. Үүний тулд уламжлалт нөхөрсөг харилцаатай орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийн хамтаар шинээр бусад орнуудтай ийм харилцаа үүсгэх болно хэмээн онцлон мэдэгдсэн байна.
| Барак Обама: Ойрхи Дорнод дахь терроризмтэй хийж буй тэмцэл удаан хугацаагаар үргэлжилж мэднэ | ||
| Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.