Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганыг өнгөрсөн амралтын өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Улс орны бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, иргэдээ чадамжуулах, сумын залуусыг хөгжүүлэх үүднээс “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх байгууллагууд өнгөрсөн зун гурван төслийг хэрэгжүүлж ийнхүү ажлынхаа үр дүнг хэлэлцэв. Тодруулбал “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” төслийг энэ оны долоодугаар сарын 1-нээс хоёр сарын турш 21 аймаг, 331 суманд хэрэгжүүлж, нийт 3000 гаруй залууг ажилтай болгосон байна. Чуулганы үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Бидэнд цаг бага байсан ч 21 аймагт хүрч ажиллан, аймаг бүрт 1-2 өвөлжөөг барьсан нь сүүлийн 30 жилд хийгдээгүй ажил болсон. Мөн оюутнууд хөдөө орон нутагт төсөл бичих, англи хэл, компьютерын сургалт явуулсан. Ургац хураалтын ажилд 300 гаруй оюутанг ажиллууллаа. Цаашид энэхүү ажлыг улам үр дүнтэй болгохын тулд төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нягт холбоотой ажиллах нь зүйтэй юм гэдгийг харж байна” гэв.
Засгийн газраас орон нутагт ямар ажлыг залуусаар хийлгэх талаар тодорхой чиглэл өгөх юм байна. Ирэх жил төсөв төлөвлөгөөнийхөө багтаамжаас шалтгаалаад 10 орчим мянган оюутанг зуны амралтаар нь ажиллуулахаар төлөвлөжээ.
Томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцсон залууст энэ жил тус бүр 500 мянган төгрөг өгсөн байна. Ирэх жилийн тухайд олон хүнийг хамруулах үүднээс 200 мянган төгрөгийг төрөөс өгч, тухайн аж ахуйн нэгж тохиролцсоны дүнд үүн дээр нэмж цалинжуулах аж. Оюутан залуусыг хөдөлмөр эрхлүүлэх нь нийгэмшүүлэх, төлөвшүүлэх талаасаа чухал ач холбогдолтойг хэлж байв. Мөн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс “Ардын элч”, “Оюутан цэрэг”, “Монголын түүх”, “Улсын эрдэнэ” гэсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.
10 000 оюутан ажилтай болно | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.