Орон нутгийн цагаар өчигдөр буюу бямба гарагийн оройн 11 цагийн орчимд Туркийн хамгийн том хот болох Истанбулд 2 удаагийн дэлбэрэлт боллоо. Үүний уршгаар 29 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын засгийн газраас мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 27 орчим нь цэргийн тусгай хүчнийхэн, цагдаагийн албан хаагчид байжээ.
Дэлбэрэлт тус хотын "Водафон Арена" цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд болсон байна. Халдлага болсон өдөр тус цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн баг "Бешикташ" Туркийн супер лигийн ээлжит тойргийн тоглолтдоо "Бурсаспор" багийг хүлээн авч тоглон 2-1-ийн харьцаатай хожоод байсан юм. Тоглолт болж өндөрлөснөөс хойш 2 цагийн дараа, "Бусаспор" багийн хөгжөөн дэмжигчдийн гарах хаалганы хажууд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлжээ.
Яг энэ хаалганы ойролцоо Истанбулын цагдаа, тусгай хүчнийхэн сууж байсан автобус зогсож байсан учир, дэлбэрэлтэд цагдаа нар хамгийн их өртсөн байна. Харин эхний дэлбэрэлтээс ердөө 10-15 секундын дараа "Водафон Арена" цэнгэлдэхийн дэргэд орших Макка паркт мөн амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Азаар 2 дахь удаагийн дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна. Орон нутгийн телевизүүдийн мэдээлж байгаагаар, эхний халдлага цагдаа, тусгай хүчнийхэн рүү чиглэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Одоогоор халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтдаа авч, хөл хорио тогтоожээ.
Цагдаагийнхан уг халдлагатай холбоотойгоор арван хүнийг баривчлан, саатуулж шалгаж байна. Мөн гэрчүүдийн мэдээлж байгаагаар, бөмбөг дэлбэрсэн бүс нутгийн ойролцоо буун дуу гарч байсан хэмээн ярьсан байна. Халдлагыг Курдууд эсвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү 2016 он гарсаар Турк улсад 5 дахь удаагийн халдлага болж байна.




| Истанбул хотод 2 удаагийн дэлбэрэлт болж, 29 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.