Италийн шинэ ерөнхий сайдаар гадаад хэргийн сайд Паоло Жентилони томилогдлоо. Тус улсын ерөнхийлөгч Серджо Маттарелла улс төрийн намуудын зөвлөлдөөний дараагаар мэдэгдэл хийж, шинэ ерөнхий сайдын томилгооны талаар танилцууллаа. Өнгөрсөн 7 хоногт огцорсон ерөнхий сайд Маттео Ренци үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжих эсэх санал хураалтыг бүх нийтийн дунд явуулсан ч дэмжлэг авч чадаагүйн улмаас ийнхүү огцорсон юм. Өдгөө 62 настай Жентилонигийн хувьд харилцаа холбооны сайдаар ажиллаж байгаад 2014 оноос эхлэн гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай юм.
Мөн тэрээр Маттео Ренцигийн тэргүүлдэг зүүний төвтэй Ардчилсан намын гишүүн юм. Тэрээр улсынхаа шинэ ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараагаар ерөнхийлөгчийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Тэрээр олон нийтийн дунд үүссэн санаа зовинолыг намжаахын тулд шинэ засаг захиргаагаа түргэвчлэн бүрдүүлэх шаардлагатай болохыг мэдэгдсэн байна.
Шинэ ерөнхий сайдын өмнө хүлээгдэж байгаа нэн тэргүүний ажил бол бүх нийтийн санал хураалтын дараагаар ирээдүй нь улам бүр тодорхойгүй болоод байсан хямралд орсон банкуудыг аврах арга хэмжээ авах явдал гэж ажиглагчид тэмдэглэж байна. Үүнээс гадна ирэх жил болох парламентын сонгуулийн бэлтгэл ажил хүлээгдэж байна. Уг нь ирэх 2018 онд парламентын сонгууль болох байсан ч улс төрийн намуудын шаардлагаар сонгуулийн хугацааг наашлуулсан байна.
| Италийн шинэ ерөнхий сайдаар Паоло Жентилони томилогдлоо | ||
| Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.