Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэг, хоёрдугаар багт бог малын халдварт цэцэг өвчин илэрч, аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 72 цагийн дотор холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Хонгор сумын хоёрдугаар багийн Зурамтай гэх газрын Хар модотын гуу орчимд хонь, ямааны цэцэг өвчин гарсанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 243 дугаар захирамж гарч, хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу таван айлыг оролцуулан 4 км радиустай голомтын бүсийг тогтоож 255 бог малыг устгаж, 396 бог малд вакцин хийжээ.
Хонгор сумын нэгдүгээр баг Буурлын орчимд хонь, ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 246 дугаар захирамж гарч, хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу 4 айлыг оролцуулан 200 метр радиустай голомтын бүсийг тогтоож 41 бог малыг устган 80 бог малд вакцин хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 07 тоот албан даалгавар, бог малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх аймгийн онцгой комиссын ажлын төлөвлөгөөний дагуу хяналт тавьж байна. Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Дархан-Сэлэнгэ чиглэлийн Хөтөл, Буурал хангай 40-ийн постын шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналт тавьж, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй махыг буцааж байгаа ажээ.
Хонгор сумын хоёр дахь голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд олон улсын зам дагуу ариутгал халдваргүйжилтийг хийж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан ариутгалын бодисыг шингэнээр нь цацах бус харин нунтаг хэлбэрээр ашиглаж байгаа гэв.
Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс иргэд та бүхэн цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь, ямааны мах, түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
| Дөрвөн км радиустай голомтын бүс тогтоож, 255 бог мал устгажээ | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.