Винсент Виллем Ван Гогийн зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон. Тэгвэл таны идэх дуртай жигнэмэг дээр түүний алдарт бүтээлүүдийг зурсан байвал танд ямар санагдах вэ. Тэгвэл Серби улсын нэгэн оюутан яг ийм төрлийн бүтээл туурвиж байгаа тухай мэдээгээр энэ өглөөний хөтөлбөрийн гадаад мэдээгээ эхлэж байна.
Серби улсын график дизайны ангийн оюутан өдгөө 23 настай Алексис өөрийн хийх дуртай зүйлсийг хослуулан нэг төрлийн урлагийн бүтээл гэж хэлж болох шилдэг санаагаа олон хэрэгжүүлж байна. Тэрээр уран зураг зурах болон жигнэмэг хийх дуртай. Яг энэ 2 хоббигоо зэрэг ашиглан, жигнэмэг хийж, хийсэн жигнэмэгээ зүгээр нэг чимэглэх бус дэлхийн алдарт зураачдын бүтээлийг дуурайлган зурж, чимэглэдэг байнаа. Алексис бялуу хийх шинэ санаа олохоор 2015 онд Белградад зохион байгуулагдаж байсан хоол хүнсний үзэсгэлэн яармагийг зорин очжээ. Тус үзэсгэлэнд янз бүрээр чимэглэсэн бялуу, жигнэмэгүүд байжээ. Ингээд энэ үзэсгэлэнд дээр олж харсан санаагаа бодит болгон анх удаа бялуу болон хөөсөн талх ашиглан Ван Гогийн дүрстэй бялуу хийсэн байна. Түүнээс хойш, Алексис сүүлийн жил гаруйн хугацаанд уг санаагаа улам боловсронгуй болгосоор иржээ. Тэрээр Голландын зураач Ван Гог, Италийн алдарт зураач Амедо Модиглиани нарын бүтээлийг дуурайлган бялуу хийх төдийгүй, жигнэмэг дээрээ бүтээлүүдээс нь хуулбарлан зурдаг байна. Түүний энэ гайхалтай санаа Сербид маш алдартай болж байгаа төдийгүй, улсынхаа томоохон тэмцээн уралдаанаас хэд хэдэн шагнал авчээ. Одоогийн байдлаар Алексис өөрийн бүтээлүүдээ зөвхөн хоол хүнсний үзэсгэлэн яармагт гаргадаг бол, удахгүй тэрээр өөрийн нарийн боовны дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа юм байна. Зул сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Алексис шинэ жилийн жигнэмэг, бялууны захиалга ихтэй байгаа тухайгаа Сербийн Пресс телевизийн сурвалжлагат өгсөн ярилцлагадаа дурджээ.
| Жигнэмэг чимэглэх шинэ төрлийн санаа гаргажээ | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.