Японы Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Путины энэ 7 хоногт хийх айлчлалын үеэр гарын үсэг зурах гэрээ хэлэлцээрт Оросын иргэдэд олгох нэг удаагийн нэвтрэх визний шаардлагыг зөөллөх, олон удаагийн визний хугацааг сунгах зэрэг зүйл заалтыг тусгах сонирхолтой байна. Энэ тухай Японы "Эн Эйч Кей" телевиз уламжилсныг Оросын "Тасс" иш татсан байна.
Токио энэ асуудлаар Оросын талтай сүүлийн шатны зөвлөлдөх уулзалтыг хийж буй юм байна. Жилд ОХУ-аас тавь гаруй мянган иргэн Япон улсад зорчдог бол Японы мөн тооны хүн ОХУ-д аялж, зорчдог байна. Японы Засгийн газар иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх нь хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болоод зогсохгүй энхийн гэрээний хэлэлцээг ахиулахад дөхөм болж магадгүй гэж үзэж байгааг ч "Эн Эйч Кей" онцолжээ.
Хоёр орны хооронд визний шаардлагыг хоёр тал зөөллөснөөр олон удаа нэвтрэх виз олгох боломжтой болохоос гадна визний хугацааг 3-5 жил болгон сунгах боломж нээгдэнэ гэж Японы хэвлэлд мэдээлсэн байна. Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Япон Өрнөдийн орнуудын адил Оросын эсрэг хориг тогтоосон, ялангуяа визний журам зөөллөх тухай хэлэлцээг зогсоосон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-16-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
| Япон улс ОХУ-ын иргэдэд виз олгох журмаа зөөллөж магадгүй байна | ||
| Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.