Шууд Chart

Газрын тос олборлогч орнуудын тохиролцоо зах зээлд эерэгээр нөлөөлөв

2016-12-13 10:29:34

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон түүний гишүүн бус улс орнууд сүүлийн 15 жилд анх удаа газрын тос олборлолтоо хязгаарлах тохиролцоонд хүрсэн нь хар алтны зах зээлд таатай мэдээ болж байна. Энэ тохиролцооны дараагаар дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш чангарч, нэг баррель нь 57 америк долларт хүрсэн байна.

ОПЕК-ийн гишүүн орнууд болон газрын тос олборлогч тэр дундаа ОХУ, Казахстан, Азербайжан, Мексик зэрэг 11 орон Венад болсон уулзалтад оролцож, дээрх тохиролцоонд хүрсэн. ОПЕК-ийн орнууд дотроо газрын  тос олборлолтоо хязгаарлах тохироог өнгөрсөн сард хийсэн нь сүүлийн 8 жил дэх анхны тохиролцоо болсон юм.

ОПЕК-ийн гишүүд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хагас жилийн хугацаанд олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар хязгаарлахаар болсон юм. Ингээд тэд ОПЕК-ийн гишүүн бус орнуудыг газрын тосны ханшийг нэмэгдүүлэхийн тулд энэ хязгаарлалтанд нэгдэхийг уриалсан. Өнгөрсөн бямба гарагийн уулзалтаар ОПЕК-ийн гишүүн бус 11 орон газрын тос олборлолтоо өдөрт 550 мянган баррелиар бууруулахаар тохирсоноос ОХУ өдөрт 300 мянган баррелиар танахаар болж байна. Ингээд нийт ОПЕК болон Опек-ийн гишүүн бус орнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн газрын тосны нийлүүлэлтээ өдөрт 1.75 сая баррелиар танах нь. Энэ тоо бол дэлхийн нийт газрын тос олборлолтын хоёр хувьтай тэнцэж байгаа юм.

2001 онд АНУ-д алан хядах ажиллагаа болсны дараа дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт буурч, улмаар ОПЕК болон энэ байгууллагын гишүүн бус орнууд газрын тос олборлолтоо хязгаарлах тохиролцоог хийж байсан. Өнгөрсөн сард зөвхөн ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо танах шийдэлд хүрэхэд Брент маркийн түүхий газрын тосны ханш баррель тутамдаа 50 америк доллараас давж, ханш нь чангарсан. Харин одоо дэлхийн газрын тос олборлогч гол орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн нь газрын тосны ханшийг илүү сайн нэмэгдүүлэх хөшүүрэг болох эсэхэд зах зээлийн анхаарал төвлөрч байна. Мөн нөгөө талд АНУ-ын олборлогч компаниуд газрын тосны нийлүүлэлтээ сэргээхээр үйл ажиллагаагаа эхлүүлбэл ОПЕК болоод түүний гишүүн бус орнуудын энэ тохироо үр дүнгүй болох эрсдэлтэйг ч эдийн засагчид сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын тос олборлогч орнуудын тохиролцоо зах зээлд эерэгээр нөлөөлөв   
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй