Иран улс 1979 оны Исламын хувьсгалаас хойш анх удаа АНУ-ын том компанитай маш чухал худалдааны гэрээ байгууллаа. Ираны Засгийн газар АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Бойнг" компаниас агаарын хөлөг худалдан авах тухай 16.6 тэрбум америк долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранд тогтоосон хоригийг цуцлах шийдвэр гаргаснаас хойш АНУ-ын компани Ирантай байгуулсан хамгийн том гэрээ болж байгаа юм. Энэ гэрээгээр "Иран Эйр" компани "Бойнг"-оос зорчигч тээврийн 737 загварын 50-ийг, 777 загварын онгоц 30-ийг ирэх 10 жилд худалдан авах юм байна. Хоёр тал өнгөрсөн зургаадугаар сард онгоц худалдан авах асуудлаар зарчмын тохироог хийж, сая 16.6 тэрбум америк долларын гэрээг баталжээ.
Өнгөрсөн онд АНУ болон дэлхийн хүчирхэг таван орон Ирантай цөмийн хөтөлбөрийг нь зогсоох хариуд нь Тегеранд тавьсан хориг арга хэмжээг цуцлахаар тохирч, гэрээ байгуулсны дараа энэ худалдааны асуудлыг хэлэлцэх боломжтой болсон. Гэхдээ энэ гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх эсэх эцсийн шийдийг АНУ-ын конгрессын танхим гаргах ёстой.
Өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-ын төлөөлөгчдийн танхим Иранд зорчигч тээврийн онгоц худалдахыг хориглох агуулгатай хуулийн төслийг баталсан. Энэ нь Америкийн Сангийн яам банкуудаа нисэх онгоцны худалдааг санхүүжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл гаргахгүй байхыг хориглох юм. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэхүү цөмийн гэрээнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэрбээр Ираны талд шахалт үзүүлэх зорилттой байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Ираны тал "Бойнг"-той тохирсон асуудалд Цагаан ордон нөлөөлөхгүй гэж найдаж байгааг олон улсын хэвлэлүүдэд онцолж байна. Ираны хувьд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлснийхээ төлөө олон жил АНУ-ын эдийн засгийн хоригт боомилуулж байсан. Цөмийн гэрээний үр дүнд Тегераны эдийн засаг Өрнөдийн хоригоос бага багаар гарч байгаа учир худалдааны гэрээ хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх бодлого барьж байна.
"Бойнг" компани Ирантай байгуулсан энэ гэрээ АНУ-д олон мянган ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдлыг нэн тэргүүнд онцолж байна. Энэ байр суурь ирэх оны нэгдүгээр сард Цагаан ордонд очих Дональд Трампын байр сууринд нөлөөлөх зорилготой болов уу гэж "Нью-Йорк Таймс" цахим хуудсанд онцолсон байна.
"Бойнг"-той байгуулсан гэрээ хэрэгжвэл Иран улс хоригийн улмаас хэсэгчилж сэргээн зассан, хууль бус сэлбэг ашиглаж байсан онгоцны паркаа шинэчлэхэд хувь нэмэр болох юм.

| "Бойнг" Ирантай байгуулсан гэрээ нь АНУ-д ажлын байр нэмэгдүүлнэ гэдгийг онцлов | ||
| Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.