Өчигдөр болсон Киргизстаны бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 78 хувь нь үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэн тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Энэ нь санал тооллогын 95 хувийн дүнд үндэслэсэн, урьдчилсан дүн юм байна.
Киргизстаны сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 926 мянган сонгогч дэмжиж, 178 мянган хүн эсрэг санал өгсөн байна. Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд үндсэн хуулийн 30-р зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн журам үйлчилнэ. Одоо нэмэлт өөрчлөлт оруулахыг сонгогчдын дийлэнх хувь нь дэмжсэн учир Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумих, Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлэх нь тодорхой болж байна гэж Евразийн гол хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн шүүхийн болон хууль сахиулах байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийх нь. Ерөнхий сайдын бүрэн эрхийг нэмэгдүүлснээр тэрбээр Засгийн газрын сайдуудыг болон орон нутгийн засаг захиргааны удирдлагыг шууд томилох, огцруулах эрхтэй болно гэсэн үг юм байна. Түүчлэн Ерөнхий сайд Засгийн газрын төсвийг бүрдүүлэхэд шийдвэрлэх байр суурьтай оролцох эрхтэй болно. Одоогийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев үндсэн хуулийн дагуу эхний бүрэн эрхээ дуусгаад төрийн эрх мэдлээс бууж, 2017 оны 10 дугаар сард шинээр сонгогдсон хүнд төрийн эрхийг шилжүүлэх ёстой.
Гэвч зарим улс төрчид нь үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар одоогийн Ерөнхийлөгчийг ирэх онд бүрэн эрх нь дууссаны дараа Ерөнхий сайдын суудалд суух боломжоор хангах нь гэж санал асуулгыг дүнд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев ийм зорилго байхгүй гэдгээ мэдэгджээ.

Харин үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгч иргэд нь одоогийн Ерөнхийлөгч нь улс орны зарим тулгамдсан асуудлыг өөрчлөн шинэчилж байгаа нь уламжлалыг тэгж их эвдсэн гэж үзэхгүй байгаа юм байна. Евразийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Киргизстаны бүх нийтийн санал асуулгыг залгамж холбоо, уламжлалыг хадгалах зорилготой гэж мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хоорондын эрх мэдлийг тэнцвэржүүлэхээс гадна энэ улсын уламжлалт ёс заншлаа даган баримтлагчдыг тайтгаруулах зорилготой өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийхээр ийнхүү ард иргэдийнхээ саналыг авчээ.
| Киргизстаны иргэд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив | ||
| Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.