Венесуэль өчигдрөөс эхлэн 72 цагийн хугацаанд Колумбтай хил залгаа орших хилээ хаалаа. Учир нь тус улс инфляциас үүдэн мөн мафитай тэмцэх зорилгоор хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 100-тын дэвсгэртийг гүйлгээнээс хасах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор хууль бус бараа хил дамнан тээвэрлэгчдийн үйлдлийг зогсоох болон хянах зорилгоор ийнхүү хилээ хаажээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр энэ тухай албан ёсоор мэдэгдсэн бөгөөд түүнээс нэг хоногийн өмнө 100-тын мөнгөн дэвсгэртийг гурав хоногийн дотор гүйлгээнээс гаргаж, оронд нь 500-20.000-ын зургаан шинэ мөнгөн дэвсгэрт, гурван шинэ зоосыг зах зээлд нийлүүлэх болсон тухайгаа танилцуулсан юм.
Учир нь тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь албан ханшаар Америкийн 15 центтэй тэнцэж, инфляци дээд цэгтээ хүрээд байгаа юм. Үүний тод илрэл нь иргэд хоол хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг авахын тулд цүнх дүүрэн мөнгө тэвэрч явах шаардлагатай болсон явдал юм. Венесуэлийн эдийн засгийн инфляци энэ жил 500 хувьд хүрсэн бөгөөд ирэх жил энэ тоо өсч 1660 хувьд хүрэх төлөвтэй байгааг эдийн засагчид сануулж байна.
Ийнхүү эдийн засаг нь хямарч, инфляцийн өсөлт хазааргүй болсонд хөрш Колумбыг дамнасан мафийнхныг буруутгаж, тэдний зорилгыг биелүүлэхгүйн тулд 100-тын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах замаар мафийнханд цохилт өгч байна гэж Ерөнхийлөгч Мадуро мэдэгджээ.
| Венесуэль 72 цагийн хугацаанд Колумбтай хил залгаа орших хилээ хаалаа | ||
| Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.