ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Япон улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхлэх гэж байна. Түүхэн хэмээн хоёр орны улс төрчид, судлаач мэргэжилтнүүдийн тодорхойлж байгаа энэ айлчлалын хөтөлбөрийг Японы Гадаад хэргийн яамнаас дэлгэснийг "Киодо" агентлаг дамжуулсан юм.
Тус агентлагийн мэдээлснээр Оросын төрийн тэргүүний онгоц өнөөдөр үдээс хойш Японы "Ямагути" нисэх онгоцны буудалд газардах аж. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт хэлэлцээ энэ өдөр Нагато хотод болох юм байна.
Айлчлалын хоёр дахь өдрийн арга хэмжээнүүд Японы нийслэл Токио хотод болно. Энд хоёр улсын төр засгийн тэргүүний уулзалт хэлэлцээ үргэлжилнэ. Мөн энэ уулзалтын дараа сэтгүүлч, сурвалжлагчид зориулж хэвлэлийн бага хурал хийнэ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Токио хотноо болох Орос, Японы бизнесийнхний уулзалтад оролцох юм байна.
Түүнчлэн дэлхийн жүдо бөхийн удирдах байгууллага болох Кодокан хүрээлэнд зочлох юм байна. Хоёр орны төр засгийн тэргүүний уулзалтаар хэлэлцэх асуудлын тухайд харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн тухай хэлэлцэхийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Үүний дотор улс төрийн яриа хэлэлцээгээ өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, соёл, хүмүүнлэгийн харилцаагаа гүнзгийрүүлэх тухай хэлэлцэх юм байна.
| ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Япон дахь айлчлал өнөөдөр эхэлнэ | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.