Японы Парламентын дээд танхим сөрөг хүчнийхний эсэргүүцлийг үл харгалзан казиног зөвшөөрөх хуулийн төслийг дэмжин баталлаа. Ийнхүү тоглоомын энэ бизнесийг тус улсад эрхлэхийг хуульчлан зөвшөөрөөд байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Парламентын доод танхим энэ хуулийн төслийг дэмжин баталсан юм.
Энэ хууль батлагдсанаар тус улсад олон тэрбум долларын хөрөнгө оруулалт орж, төсвийг бүрдүүлэхэд тустай гэж санаачлагчид нь баталж байсан юм. Гэхдээ одоо хууль тогтоогчид ийм бизнес эрхлэгчдэд зөвшөөрөл олгох, зах зээлийг нь зохицуулах системийг боловсруулах хэрэгтэй болж байна. Тиймээс Токиод зуны олимпийн наадам болох 2020 онд эхний казино тус улсад нээгдэх байх гэж тооцоолж буй юм байна.
Тоглоомын энэ бизнесийг хуулиар зөвшөөрүүлэхийг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ дэмжиж ирсэн. Тэрбээр энэ бизнесийг хөгжүүлснээр жуулчид тус улсад олноороо ирж, эдийн засгийн өсөлтийн шинэ хүч болно гэж үзэж байгаа юм. Мөн хуулийн төслийг дэмжигчид Япон улс Ази дахь тоглоомын бизнесийн төв болсон Макаотой өрсөлдөх боломжтой гэж үзэж байна.
Шинжээчид тоглоомын зах зээлийн мөнгөн эргэлт жилдээ 30 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолж байна. Харин энэ хуулийн төслийг эсэргүүцэгч сөрөг хүчин казиног хуульчлан зөвшөөрснөөр улс оронд гэмт хэргийн гаралт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
| Японы Парламентын дээд танхим Казиногийн тухай хуулийн төслийг баталлаа | ||
| Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.