АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп мэдээллийн технологийн зарим компанийн удирдлагатай уулзсан байна. Энэ үеэр ажлын байр нэмэгдүүлэх, татварыг бууруулах, оюуны өмч болоод цахим аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хөндөж хэлэлцсэн байна.
Трампын штабаас мэдээлж байгаагаар энэ уулзалтад шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн шилжилтийн тамгын газрын гишүүд оролцож, Америкийн компаниудын хилийн чинадад бизнес эрхлэхэд учирч байгаа саад тотгоруудыг арилгах, хилийн чинад дахь Америкийн ашиг орлогыг эргүүлэн авчрах арга замын талаар ч хэлэлцсэн байна.
Мөн тоон дэд бүтцийг сайжруулах, төрийн худалдан авалтын системийг төгөлдөржүүлэх талаар ч санал солилцсон байна. Энэхүү уулзалтад Амазон, Оракл, Аппль, Палантир, Интел болон Тесла, Майкрософт, Гүүгл, Ай Би Эм, Фэйсбүүкийн удирдлагууд оролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп энэ үеэр тэдэнд дэмжлэг тусламж үзүүлэхээ амласны дээр асуудал, шаардлага гарсан даруйд өөр рүү нь болон багийн гишүүд рүү нь шууд утсаар ярьж байхыг зөвлөсөн байна. Мөн улирал тутамд иймэрхүү уулзалт хийж байхыг ч санал болгожээ.
Энэ хооронд Жоржия мужийн эрх баригчид Дональд Трампад хандаж Үндэсний аюулгүй байдлын яамны ажилтнууд тус мужийн цахим систем, түүний дотор санал хураалтын систем рүү нэвтрэхийг оролдсон асуудлын учрыг олж өгөх хүсэлт тавьсан тухай мэдээлэл ирж байна.
Энэ тухай "Ассошэйтэд пресс" агентлаг мэдээлсэн юм. Түүнчлэн тус агентлаг Жоржия мужийн нарийн бичгийн дарга Брайн энэ тухайгаа Трампад хаягласан захидалдаа тэмдэглэсэн байгааг мэдээлж байна. Энд мужийн эрх баригчид Үндэснйи аюулгүй байдлын яамныхны ашигладаг компьютерээс хэд хэдэн удаа цахим шуудангууд руу нь нэвтрэхийг оролдсоныг олж тогтоосноо мэдээлсэн байна.
Энэ асуудал өнгөрсөн хоёрдугаар сараас 11 дүгээр сарын хооронд гарсан бөгөөд өөр нэг томоохон кибер халдлага Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарсныг ч мэдээлж байна.
| Дональд Трамп мэдээллийн технологийн компаниудын удирдлагатай уулзжээ | ||
| Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.