Шууд Chart

Грекийн төсвийн өрийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг царцаалаа

2016-12-15 15:20:00

Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грекийн төсвийн өрийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч байсныгаа зогсоохоор шийдвэрлэжээ.  Энэ нь Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасын хүн амын хамгийн ядуу давхаргынханд төсвийн нэмэлт орлогоос тусламж үзүүлэх шийдвэртэй  холбоотой юм байна. 

Уг нь Еврогийн бүсийн орнууд Грекийн өрийг бууруулах богино хугацаанд авах арга хэмжээнүүдийг өнгөрсөн долоо хоногт батлаад байсан юм. Гэвч  Грекийн Засгийн газар гэрээнээс тэс өөр, зөрсөн алхмууд хийж байгаа учир богино хугацааанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан арга хэмжээнүүдийг царцаахаар болсон байна. 

Энэ тухай Еврогийн бүлгийн тэргүүн Иерун Дейссельблум мэдэгджээ. Грекийн Ерөнхий сайд тэтгэврийн насныханд тусламж олгох, Эгийн тэнгисийн  зүүн болон хойд арлуудад Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах шийдвэрийг гаргасан нь ийнхүү Евробүсийнхэнд таалагдсангүй. Угаасаа  төсвийн өр асар ихтэй, дээрээс нь  хугацаа  нь хэтэрсэн, эдийн засгийн гүн хямралд автчихсан байхад төсвийн  зардлаа хэмнэсэнгүй гэж Грекийн эрх баригчид буруутгагдаж байна.

Грекийн Ерөнхий сайд Ципрас энэ сарын 8-ны өдөр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ Зул сарын баяртай холбоотойгоор Засгийн газраас 617  сая еврог 850 еврогоос  бага тэтгэвэр авдаг 1.6 сая өндөр настанд олгохоо мэдэгдсэн юм.

Гэхдээ тэрбээр Засгийн газар энэ мөнгийг олон улсын зээлдүүлэгчдийн тавьсан нөхцөлийг зөрчилгүйгээр цуглуулж чадсан гэж тайлбарлаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн төсвийн өрийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг царцаалаа   
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй