Алеппо хотын зүүн дүүргээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг түр зогсоогоод байсныг эргэн сэргээлээ. Тодруулбал, босогчид болон Засгийн газрын хүчнийхэн хоёр дахь удаагаа зөвшилцсөний дүнд иргэд болоод босогчдыг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин эхлүүлсэн байна.
Бүслэлтэд байгаа хэдэн зуун мянган иргэний дунд хүүхэд эмэгтэйчүүд, шархадсан хүмүүс олноор байгаа тул тэднийг хотын сүйдсэн хэсгээс нэн яаралтай нүүлгэн шилжүүлж, хоол хүнс, эм тарианы тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа учир хоёр тал хэдэн цагийн турш зөвшилцсөний дүнд өчигдөр орой шөнө дундаас эхлэн зарим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Тодруулбал, ням гарагийн үдэш 23 цагийн үед иргэдийг ачсан таван автобус, нэг эмнэлгийн машин бүслэлтээс гарчээ. Уг нь өнгөрсөн пүрэв гарагт сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ байгуулснаар иргэд төдийгүй босогчдыг хотоос нүүлгэн шилжүүлж байсан боловч тэднээр дамжуулан зэр зэвсгээ гадагш гаргах оролдлого хийж, гэрээг зөрчлөө гэдэг шалтгаанаар Засгийн газар нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зогсоогоод байсан юм.
Гэхдээ энэ хугацаанд 9000 иргэнийг аюулгүй газар руу амжиж нүүлгэсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр ч удаа гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтсэний дараагаар Турк сөргөлдөгч талуудын хооронд зуучилснаар дахин шинэ хэлэлцээрт хүрч, ийнхүү нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын явц удаан боловч цаашид тасралтгүй үргэлжлэх болсон талаар зарим эх сурвалж твиттер хуудсандаа бичиж байна. Алеппогийн зүүн дүүрэгт орших, босогчдын хяналтад байж байгаад одоо Засгийн газрынхны мэдэлд очсон хэсгээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ хянагчаар орох тухай асуудлаар өнөөдөр Аюулгүйн зөвлөл дээр санал хураалт болох юм байна.

| Алеппо хотын зүүн дүүргээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин эхлүүллээ | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.